Йерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мт 21:1–11; Лк 19:28–40; Иох 12:12–19)
11 Тэд Йерусалимд ойртож, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетанд иржээ. Есүс шавь нараасаа хоёрыг илгээж 2 тэдэнд
—Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. 3 “Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнда энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв. 4 Тэд явж, гудамжинд үүдэнд уяатай дудранг олов. Тэгээд уяаг нь тайлж байтал 5 тэнд зогсож байгсдын зарим нь
—Дудранг тайлж та нар яах гээв? гэхэд 6 тэд Есүсийн айлдсаны дагуу хэлсэнд тэднийг явуулав. 7 Тэд дудранг Есүст авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. 8 Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь талбайгаас цавчсан найлзуурыг дэлгэжээ. 9 Өмнө хойно нь явагсад
Хосанна!
Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!*
10 Эцэг Давидын маань
Айсуй хаанчлал ерөөлтэй еэ!
Хамгийн дээдэд Хосанна!
гэж хашхиралдаж байлаа. 11 Есүс Йерусалимд орж, сүмд очив. Эргэн тойрноо харахад, цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт хотоос гарч Бетаныг зүглэв.
Инжрийн модыг хараав
(Мт 21:18–19)
12 Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. 13 Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. 14 Есүс тэр модонд
—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
Сүмийг цэвэрлэв
(Мт 21:12–17; Лк 19:45–48; Иох 2:13–22)
15 Тэд Йерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. 16 Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. 17 Есүс тэдэнд заан,
—“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ* гэв. 18 Ахлах тахилчид ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. 19 Орой болоход Есүс хотоос гарч явлаа.
Хувхайрсан инжрийн модноос авах сургамж
(Мт 21:20–22)
20 Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. 21 Петр санаж
—Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд 22 Есүс тэдэнд хариулан
—Бурханд итгэгтүн. 23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно.* 24 Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. 25 Та нар залбирч зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна. 26 [Харин та нар эс уучилбал тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг үл уучилна] гэв.б
Есүсийн эрх мэдлийг асуусан нь
(Мт 21:23–27; Лк 20:1–8)
27 Тэд дахин Йерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хүрч ирээд, 28 Түүнээс
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад 29 Есүс тэдэнд
—Би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл Би ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. 30 Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаач гэв. 31 Тэд дундаа эргэцүүлэн ярьж
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. 32 “Хүнээс” гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иоханыг жинхэнэ эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. 33 Тэгээд тэд Есүст
—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.
- а11:3 эсвэл Эзэнд нь
- 11:9 Дуу 118:25–26
- 11:17 Иса 56:7; Иер 7:11
- 11:23 Мт 17:20; 1Ко 13:2
- б11:26 Зарим гар бичмэлд энэ эшлэл байхгүй. (Мт 6:15 үз.)