Ахмадын заншил
(Мт 15:1–9)
7 Фарисайчууд ба Йерусалимаас ирсэн хуулийн багш нарын зарим нь Есүсийг тойрон цугларав. 2 Есүсийн шавь нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. 3 (Учир нь фарисайчууд болон бүх иудейчүүд ахмадын ёс заншлыг сахиж, гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. 4 Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваасa юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ.) 5 Фарисайчууд болон хуулийн багш нар
—Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлаар явалгүй, харин бохир гартай чигээрээ талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад 6 Есүс тэдэнд
—Хоёр нүүрт та нарын тухай Исаиа зөв эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.*
“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг
Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг
7 Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж,
Харин Надад дэмий хоосон мөргөдөг.”
8 Та нар Бурханы тушаалыг орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гэв. 9 Тэр мөн тэдэнд
—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм. 10 “Эцэг, эхээ хүндэл” бас “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.* 11 Харин та нар “Хүн эцэгтээ юм уу, эхдээ «Танд хэрэг болох байсан зүйл маань Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн)» гэх юм бол зүгээр” гэж хэлээд 12 та нар түүнийг эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. 13 Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хөсөрдүүлдэг. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж хэлэв.
14 Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд
—Бүгд Намайг сонс бас ухаар. 15 Гаднаас орж, хүний дотрыг бузарлаж чадах юм ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. 16 [Сонсох чихтэй нь сонсогтун]b гэж хэлэв. 17 Есүс ард олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. 18 Тэр тэдэнд
—Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? 19 Тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр ийн илэрхийлжээ.) 20 Тэрээр
—Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. 21 Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс л муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, 22 завхайрал, шунахайрал, балмад байдал, заль мэх, тачаангуй хүсэл, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. 23 Энэ бүх муу муухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.
Сирофоеник эмэгтэйн итгэл
(Мт 15:21–28)
24 Тэр тэндээс босож, Тирийн дүүрэг рүү явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. 25 Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй даруй Түүний тухай сонсоод, ирж Есүсийн хөлд унав. 26 Тэр эмэгтэй сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг зайлуулж өгөхийг Есүсээс гуйлаа. 27 Есүс түүнд
—Эхлээд хүүхдүүдээ цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч нохдод хаях нь сайн биш гэхэд 28 тэр эмэгтэй Түүнд
—Тийм ээ, Эзэн минь! Гэвч ширээн доор байгаа ноход ч хүүхдүүдийн үйрүүлснийг иддэг шүү дээ гэж хариулав. 29 Есүс түүнд
—Үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. 30 Гэртээ очоод, хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг тэр үзэв.
Сонсголгүй хүнийг эдгээв
31 Есүс дахин Тирийн нутгаас явж, Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур луу очив. 32 Тэд сонсголгүй, хэл ярианы согогтой хүнийг Есүс рүү авчраад дээр нь гараа тавихыг Түүнээс гуйжээ. 33 Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. 34 Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд
—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд 35 өнөөх хүний сонсгол нь нээгдээд, хэлний согог нь арилж, зөв ярих болов. 36 Хэнд ч хэлж болохгүй хэмээн Есүс тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. 37 Тэд
—Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэрээр сонсголгүйг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болгож байна хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.
- a7:4 эсвэл гудамж зээлээс ирсэн юуг ч угаагаагүй бол
- 7:6–7 Иса 29:13 (LXX)
- 7:10 Гэт 20:12, 21:17; Лев 20:9; Дх 5:16
- b7:16 Зарим гар бичмэлд хаалт дахь энэ эшлэл байхгүй. (4:23 үз.)