Хатангир гартай хүн
(Мт 12:9–14; Лк 6:6–11)

3 Тэгээд Есүс дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ. 2 Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн ажиглаж байлаа. 3 Есүс хатангир гартай хүнд
—Урагшаа гарч ир гээд 4 тэдэнд
—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав. 5 Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд
—Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. 6 Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ.

Эрэг дээрх үй олон

7 Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Галилаас үй олноороо Түүнийг дагаж байлаа. Бас Иудей, 8 Йерусалим, Идум, Йорданы чанад, Тир болон Сидон хавиас олон хүн Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ. 9 Тиймээс Тэрээр хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа даалгав.* 10 Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гараа хүргэх гэж дайрч байлаа. 11 Бузар сүнснүүд Есүсийг хармагцаа өмнө нь унаж
—Та бол Бурханы Хүү мөн гэж бархиралдаж байв. 12 Өөрийг нь илчилж болохгүйг Тэрээр тэдэнд хатуу сануулав.

Есүс арван хоёр элчийг томилсон нь
(Мт 10:1–4; Лк 6:12–16)

13 Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ. 14 Есүс арван хоёр хүнийг томилж, элч нар хэмээсэн нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, 15 чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. 16 Түүний томилсон арван хоёр нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), 17 Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), 18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон, 19 Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

Есүс ба Беелзебүл
(Мт 12:22–32; Лк 11:14–23, 12:10)

20 Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж чадсангүй.
21 Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж хүмүүс ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав. 22 Йерусалимаас ирсэн хуулийн багш нар
—Тэр Беелзебүлтэй. Чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэцгээж байлаа.* 23 Есүс тэднийг дуудаж, сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан
—Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ? 24 Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна. 25 Айл гэр дотроо хуваагдвал тэр айл оршин тогтнож эс чадна. 26 Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. 27 Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 28 Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгда уучлагдана. 29 Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно* гэв. 30 Учир нь тэд
—Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм.

Есүсийн жинхэнэ төрөл садан
(Мт 12:46–50; Лк 8:19–21)

31 Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. 32 Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд
—Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд 33 Тэр тэдэнд хариулан
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар вэ? гээд 34 Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж,
—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. 35 Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ах, эгч, дүү, эх минь юм гэв.


  • 3:9–10 Мк 4:1; Лк 5:1–3
  • 3:22 Мт 9:34, 10:25
  • а3:28 тэдний хэлж мэдэх ёр муу юмс эсвэл тэд Бурханы эсрэг хэлж мэдэх ёр муу юмс
  • 3:29 Лк 12:10