Сургаалт зүйрлэл: Тариачин
(Мт 13:1–9; Лк 8:4–8)

4 Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн рүү асар олноороо хуран цугласан тул Есүс нуурт буй завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газар дээр байлаа.* 2 Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр заажээ. Тэр сургахдаа ийн айлдав.
3 Сонс. Тариачин үр суулгахаар гарчээ. 4 Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. 5 Зарим нь хөрс багатай, чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолов. 6 Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. 7 Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Ингээд ургац өгсөнгүй. 8 Зарим нь сайн хөрсөнд унан, ургаж өсөөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд,
9 Сонсох чихтэй нь сонсогтун гэж хэлэв.

Сургаалт зүйрлэлийн зорилго
(Мт 13:10–23; Лк 8:9–15)

10 Есүсийг ганцаараа байхад нь ойролцоо байгсад болон арван хоёр шавь нь Түүнээс сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуухад 11 Тэр тэдэнд
—Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг. 12 Тийм болохоор
Тэд харан харавч эс ухаарч,
Сонсон сонсовч үл ойлгоно.*
Ингэснээр тэд эс эргэж, үл уучлагдана гэжээ.
13 Тэр цааш нь
—Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? 14 Тариачин үг тарьж байна. 15 Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд үгийг сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. 16 Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. 17 Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. 18 Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, 19 ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болгодог. 20 Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.

Саван доорх дэнлүү
(Лк 8:16–18)

21 Есүс тэдэнд
—Дэнлүүг дэнлүүний суурин дээр тавихаас бус саван доор юм уу, орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ?* 22 Нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм.* Нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. 23 Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
24 Тэр тэдэнд
—Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.* 25 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.*
Ургаж буй үрийн тухай
26 Тэр
—Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. 27 Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдэхгүй. 28 Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. 29 Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв.*

Гичний үрийн тухай
(Мт 13:31–32,34; Лк 13:18–19)

30 Тэр
—Бурханы хаанчлалыг бид юутай зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? 31 Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм. 32 Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамал ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.

Сургаалт зүйрлэлийн хэрэглээ

33 Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв. 34 Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.

Есүс шуурга намдаав
(Мт 8:23–27; Лк 8:22–25)

35 Тэр өдрийн орой Есүс тэдэнд
—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэхэд 36 тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. 37 Их салхи босож, давлагаа завийг цохин, завь хэдийн усанд автжээ. 38 Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд
—Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. 39 Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт
—Чимээгүй, намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. 40 Тэр тэдэнд
—Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байна вэ? гэхэд 41 тэд маш их айж, бие биедээ
—Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.


  • 4:1 Лк 5:1–3
  • 4:12 Иса 6:9–10 (LXX)
  • 4:21 Мт 5:15; Лк 11:33
  • 4:22 Мт 10:26; Лк 12:2
  • 4:24 Мт 7:2; Лк 6:38
  • 4:25 Мт 13:12, 25:29; Лк 19:26
  • 4:29 Иое 3:13