Сүмийн сүйрлийг зөгнөв
(Мт 24:1–2; Лк 21:5–6)

13 Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг
—Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд 2 Есүс түүнд
—Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
3 Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж
4 Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. 5 Есүс тэдэнд
—Хэн нэгэн нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 6 “Тэр чинь би байгаа юм” хэмээн Миний нэрээр олон хүн ирж хүмүүсийг төөрөлдүүлнэ. 7 Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. 8 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.

Хавчлагыг зөгнөв

9 Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно.* 10 Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. 11 Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин Ариун Сүнс юм. 12 Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. 13 Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.*

Хоосролын бузар
(Мт 24:15–28; Лк 21:20–24)

14 Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс руу зугтаг.* 15 Дээвэр дээр байгаа нь бүү бууг эсвэл гэрээсээ юм авахаар бүү орог.* 16 Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. 17 Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! 18 Энэ нь харин өвөл тохиолдохгүйн төлөө залбир. 19 Юу гэвэл тэр өдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.* 20 Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүй бол нэг ч махбод аврагдахгүй байх байлаа. Харин сонгосон хүмүүсийнхээ төлөө Тэрээр тэр өдрүүдийг богиносгосон юм. 21 Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл бүү итгэ. 22 Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдсон хүмүүсийг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. 23 Харин болгоомжлогтун. Би та нарт урьдаас бүхнийг хэлэв.

Хүний Хүүгийн залрал
(Мт 24:29–31; Лк 21:25–28)

24 Гамшгийн дараа, тэр өдрүүдэд
Гэнэт нар харанхуйлж,
Сар гэрлээ эс гарган,*
25 Одод тэнгэрээс унаж,
Тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.*
26 Тэгээд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна.* 27 Дараа нь Тэр тэнгэрэлч нарыг илгээж, сонгогдсон хүмүүсийг дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.

Инжрийн модноос авах сургамж
(Мт 24:32–35; Лк 21:29–33)

28 Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. 29 Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.г 30 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 31 Тэнгэр газар өнгөрөн одно. Гэвч Миний үгс үгүй болохгүй.

Сонор сэрэмжтэй бай
(Мт 24:36–44)

32 Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлч нар ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ.* 33 Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ. 34 Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэргэг байхыг тушааж буй хүнтэй адил юм.* 35 Тиймээс сэргэг байгтун. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. 36 Тэр гэнэт ирээд, та нарын унтаж байхыг харах вий. 37 Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна, сэргэг байгтун гэв.


  • 13:9–11 Мт 10:17–20; Лк 12:11–12
  • 13:13 Мт 10:22
  • 13:14 Дан 9:27, 11:31, 12:11
  • 13:15–16 Лк 17:31
  • 13:19 Дан 12:1; Илч 7:14
  • 13:24 Иса 13:10; Езк 32:7; Иое 2:10,31, 3:15; Илч 6:12
  • 13:25 Иса 34:4; Иое 2:10; Илч 6:13
  • 13:26 Дан 7:13; Илч 1:7
  • г13:29 эсвэл цаг айсуй, эхлэхэд бэлэн байна эсвэл Тэр айсуй, ирэхэд бэлэн байна.
  • 13:32 Мт 24:36
  • 13:34 Лк 12:36–38