Нийгэм дэх нүглүүд
2 1 Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр
Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө!
Гарт нь мэдэл байх тул
Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.
2 Талбайг шунаж булаадаг.
Байрыг шунаж авдаг.
Хүнийг байртай нь,
Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.
3 Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг
Нэгэн гамшиг төлөвлөв.
Хүзүүгээ үүнээс эс татах
Ихэмсгээр ч үл алхах,
Эгц алхаж ч эс чадах
Ийм ёрын цаг байх болно.
4 Тэр өдөр та нараар тохуу хийнэ.
Гашуун эмгэнэлээр бас гашуудна.
«Бид бүрмөсөн устгагдлаа.
Ард түмний минь хувийг Тэр сольдог.
Тэр надаас хэрхэн хураав!
Талбайнуудыг маань тэрслүүчүүдэд өгөв» гэнэ.
5 Тиймээс ЭЗЭНий чуулганд
Хэмжих олсыг татахаар шавга хаях
Хэн ч та нарт байхгүй болно.
6 «Бүү эш үзүүл» гэж эш үзүүлдэг,
«Эдгээрийн талаар бүү эш үзүүл,
Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж тэд ярьдаг.
7 Иаковын гэрт ийм юм хэлж болох уу?
«ЭЗЭНий Сүнс тэвчээгүй гэж үү?
Эдгээр нь Түүний үйлдлүүд бус уу?»
Чигч шулуун алхах хүнд
Миний үгс сайныг үйлддэг биш үү?
8 Саяхан Миний ард түмэн
Дайсан мэт боссон билээ.
Дайнаас буцаж ирсэн мэт
Тайван өнгөрөгчдөөс дээл хувцсыг нь тайлж авсан.
9 Та нар ард түмний минь эмэгтэйчүүдийг
Тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.
Сүр жавхланг минь хүүхдүүдээс нь
Та нар үргэлж авдаг.
10 Босож, явагтун!
Энэ бол амрах газар биш.
Бузар байдлынхаа улмаас энэ нь
Сүйрэл, аюулт сүйрэл авчирна
11 Салхи шиг дэвэлзүүр худалч хүн ирж,
«Сархад, дарсны тухай ярина» гэж хэлээд л
Энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.
ЭЗЭНий амлалт
12 Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна.
Израилын үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ.
Хашаан дахь хоньд,
Бэлчээртээ байгаа сүрэг мэт
Би тэднийг хамт байлгана.
Тэд хүмүүстэй хамт шуугилдана.
13 Эвдэгч тэдний өмнө явж,
Эвдэж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна.
Тэгээд хаан нь тэдний өмнө явна.
Тэргүүнд нь ЭЗЭН явна.”