Израилын эсрэг ЭЗЭНий зарга

6 1 ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.
“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,
Толгодод дуу хоолойгоо сонсго.
2 Уулс болон дэлхийн хүчит суурь аа,
ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул
ЭЗЭНий заргыг сонсогтун.
Тэрээр Израилтай заргалдах болно.

3 Ард түмэн минь ээ,
Би та нарт юу хийсэн юм бэ?
Би та нарыг яаж ядраасан юм бэ?
Надад хариулагтун!
4 Би та нарыг Египет нутгаас авчирч,
Боолчлолын гэрээс золин аварсан.
Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.*
5 Моабын хаан Балак юу зөвлөж,
Беорын хүү Балаам юу хариулж байсныг,
ЭЗЭН яаж хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр
Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь!”*

Бурхан юу шаарддаг вэ?

6 Би ЭЗЭНий өмнө юутай очих вэ?
Өндөрт орших Бурханы өмнө яаж мөргөх вэ?
Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу?
7 Мянга мянган хуц,
Түг түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу?
Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ,
Өөрийнхөө нүглийн төлөө хэвлийн үрээ өргөх үү?
8 Үнэндээ юу нь сайн болохыг,
Хүн минь Тэр чамд айлдсан бус уу?
Үнэн шударгыг үйлд, энэрлийг хайрла,
Өөрийн Бурхантайгаа даруухнаар алх гэхээс
Өөр зүйлийг ЭЗЭН чамаас шаарддаг гэж үү?

Мэхтүүд ба хэрцгийлэгчид шийтгүүлнэ

9 ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудав.
Таны нэрээс эмээх нь саруул ухаан билээ.
“Сонсогтун, хот дахь овог хийгээд чуулган аа!
10 Буруутын гэрт бузар эрдэнэс,
Хараагдсан, татуу хэмжүүр байсаар уу?
11 Буруу жинлүүр, зальт дэнсийг
Би зөвтгөнө гэж үү?
12 Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн
Оршин суугчид нь худлаа ярьдаг
Тэдний аманд худал хэл байдаг.
13 Тиймээс Би чамайг өвчлүүлнэ, цохиж унагана,
Нүглийн чинь төлөө чамайг Би хоосруулна.
14 Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө.
Холдуулсан ч чи юуг ч үл аварна.
Аварсан ч, Би илдэнд өгөх болно,
15 Тариалсан ч чи үл хураана.
Чидун шахсан ч тосоор нь биеэ эс тосолно.
Усан үзмийг шахсан ч дарсыг нь чи үл ууна.
16 Та нар Омригийн тогтоолууд ба
Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,
Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул
Би та нарыг сүйрүүлж,
Оршин суугчдыг чинь элэг доог болгоно.
Миний ард түмний зэмлэлийг
Та нар үүрэх болно.”*


  •  6:4 Гэт 4:10–16, 12:50–51, 15:20
  • 6:5 Тоо 22:2—24:25; Иош 3:1—4:19
  • 6:16 1Ха 16:23–34, 21:25–26