Дуулгавартай байдал ба амгалан цаг

4 1 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь
Уулсын тэргүүнээр тохоогдон,
Толгодын дээгүүр өргөгдөнө.
Ард түмнүүд түүнд цутгана.*
2 Олон үндэстэн ирээд,
“Ирцгээ, ЭЗЭНий уул,
Иаковын Бурханы өргөө рүү явцгаая.
Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж,
Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Йерусалимаас гарна.
3 Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж,
Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргана.
Тэгээд тэд илдээ анжисны хошуу,
Жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй,
Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.*
4 Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна.
Хэн ч тэднийг үл айлгана.
Үүнийг түг түмдийн ЭЗЭНий ам айлдсан.*
5 Бүх ард түмэн бурхан шүтээнийхээ нэрээр алхана
Бид харин Бурхан ЭЗЭНийхээ нэрээр үүрд мөнх алхана.

Амлагдсан сэргэлт

6 ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг,
Өөрийнхөө зовоосон хүмүүсийг хүртэл цуглуулна.
7 Би хазгар доголонг нь амьд үлдэгч,
Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгоно.
ЭЗЭН Сион ууланд тэднийг
Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.

8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа,
Сион охины толгод оо,
Энэ нь чам дээр ирнэ.
Урьдын ноёрхол буюу
Йерусалим охины хаанчлал ч ирнэ.

9 Чи одоо юунд чанга хашхирна вэ?
Чамд ямар ч хаан байхгүй юу?
Эсвэл зөвлөгч чинь устаж,
Төрж буй эмэгтэйнх шиг
Өвчин шаналал чамайг эзэмдэв үү?
10 Одоо чи хотоос гарч, хээр амьдран,
Вавилон руу явах ёстой тул
Сион охин, чи дуншиж буй эмэгтэй шиг
Нярайлахаар өвдөж, шанал.
Тэнд чи аврагдана,
ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.

11 «Сион бузартаг,
Бид нүдээр үзье!» гэж хэлцгээх
Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.
12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд
Түүний зорилгыг ойлгодоггүй.
Учир нь Тэрээр тэд бүгдийг
Үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулсан.
13 Эврийг чинь Би төмөр,
Туурайг чинь хүрэл болгох тул
Сион охин, чи босож, талхална.
Олон ард түмнийг бут цохиж,
Олзыг нь ЭЗЭНд,
Эд баялгийг нь бүх дэлхийн Эзэнд зориулна.


  •  4:1–5 Иса 2:2–5
  • 4:3 Иое 3:10
  • 4:4 Зех 3:10