Буруу удирдагчид ба эш үзүүлэгчид

3 1 Тэгээд би тийнхүү хэлэв.
“Сонсогтун,
Иаковын тэргүүлэгч нар аа,
Израилын гэрийн захирагчид аа,
Та нар шударга ёсыг мэдэх ёстой биш үү?
2 Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан,
Ард түмний минь арьсыг өвчиж,
Араг яснаас нь махыг нь мөлждөг.
3 Миний ард түмний махыг идэж,
Арьсыг нь хуулан, ясыг нь хугалж,
Тогоо саван дахь мах адил тэднийг хэрчдэг.”

4 Тэгээд ЭЗЭН өөд хашхирдаг
Тиймээс Тэрээр эс хариулна.
Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул
Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.

5 Ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Үмх хоол хазуулсан хүнд
«Амар амгалан» гэж хашхирдаг.
Аманд нь юм хийгээгүй хүнтэй
Тэд дайн зарладаг.
6 Тиймээс та нарт үзэгдэлгүй шөнө,
Мэргэ төлгөгүй харанхуй учирна.
Нар эш үзүүлэгчид дээр шингэж,
Өдөр нь тэдний дээр харанхуй болно.
7 Үзмэрчид гутамшиг болж,
Мэргэчид ичих болно.
Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул
Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.
8 Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь,
Израилд нүглийг нь мэдүүлэхийн тулд
Хүч чадал ба ЭЗЭНий Сүнсээр,
Шударга ёс ба эр зоригоор дүүрэн байна.

9 Шударга ёсыг жигшиж,
Чигч шулуун болгоныг мушгидаг
Иаковын гэрийн тэргүүлэгчид,
Израилын гэрийн захирагчид аа!
Үүнийг сонсоцгооно уу!
10 Та нар Сионыг цусаар,
Йерусалимыг гажуудлаар босгодог.
11 Тэргүүн нар хахууль аван шүүж,
Тахилч нар нь хөлсөөр зааварчлан,
Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг.
Тийм байтлаа тэд ЭЗЭНд түшиглэн,
“Бидний дунд ЭЗЭН байгаа биш үү?
Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.
12 Тиймээс та нараас болж
Сион талбай мэт хагалагдаж,
Йерусалим сүйрч,
Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.*


  •  3:12 Иер 26:18