Ард түмний завхрал
7 1 Ээ халаг, би чинь
Идчих усан үзмийн хонгорцоггүй
Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй
Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.
2 Итгэмжит хүн энэ газраас устжээ.
Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ.
Цус урсгах гэж эд бүгд бүгэн хүлээнэ.
Бие биеэ тэд тороор агнана.
3 Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг
Хахууль нь ноёны шаардлага, шүүгчийн шийдвэр.
Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр
Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.
4 Хамгийн сайн нь өргөст ургамал,
Хамгийн шударга нь сундуу шивээ мэт тул
Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ.
Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.
5 Хөршдөө бүү найд,
Найздаа бүү итгэ.
Өвөрт чинь унтагчаас уруул амаа хамгаал.
6 Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж,
Охин нь эхийнхээ эсрэг,
Бэр нь хадам эхийнхээ эсрэг босож байна.
Гэрийнхэн чинь дайснууд чинь болж байна.*
7 Харин миний хувьд,
Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно.
Би авралынхаа Бурханыг хүлээнэ.
Миний Бурхан намайг сонсох болно.
Гэмшил ба найдлага
8 Өө дайсан минь, надаас болж бүү баяс!
Би унавч, босох болно.
Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.
9 Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул
Тэрээр миний хэргийг өмгөөлж,
Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл
ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.
Гэрэлд намайг Тэр гаргана.
Зөв шударгыг нь би харна.
10 Дайсан минь харах болно.
“Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж
Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно.
Гудамжны шавхай мэт гишгэгдэх болно.
Нүд минь түүнийг нь бас харна.
Сэргэлтийн тухай эш үзүүллэг
11 Хана хэрмээ барих өдөр болно.
Тэр өдөр хил хязгаар чинь өргөсөх болно.
12 Энэ нь Ассираас Египетийн хотууд хүртэл,
Египетээс Евфрат хүртэл,
Тэнгисээс тэнгис хүртэл,
Уулаас уул хүртэл
Тэд чам руу ирэх өдөр болно.
13 Оршин суугчдынхаа үйлсийн үр жимснээс болж
Дэлхий эзгүйрнэ.
14 Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ
Очирт таягаараа хариулаач.
Тэд үржилт талбайн дунд,
Модот газарт дангаараа оршино.
Башан болон Гилеадад
Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.
15 “Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг
Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно.”
16 Үндэстнүүд харж, бүх хүч чадлаасаа ичих болно.
Тэд гараа аман дээрээ тавьж,
Тэдний чих дүлий мэт болно.
17 Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт
Шороо тоос долооно.
Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.
Бидний Бурхан ЭЗЭН Таны өмнө тэд айна.
Тэд Танаас эмээнэ.
Бурханы тэмүүлэл, хайр
18 Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг,
Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг
Тан шиг ямар Бурхан байх вэ?
Нигүүлслийг хайрлагч Тэрээр
Уур хилэнгээ мөнхөд хадгалахгүй.
19 Биднийгээ Тэрээр дахин өрөвдөнө.
Хилэнцийг маань хөл дороо гишгэчнэ.
Бүх нүглийг Та тэнгисийн гүн рүү хаяна.
20 Эртний өдрүүдээс өвгөдөд минь тангарагласан,
Итгэмжит чанараа Та Иаковт,
Нигүүлслийг Абрахамд соёрхоно.
- 7:6 Мт 10:35–36; Лк 12:53