Соломоны алдаа
11 1 Харин Соломон хаан Фараоны охиноос гадна моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.* 2 Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилын хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад руу заавал хөтлөх болно” гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа.* 3 Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй бас гурван зуун татвар эмтэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний зүрх сэтгэлийг урвуулжээ. 4 Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад руу хандуулсан учир зүрх сэтгэл нь эцэг Давидынх шигээ байсангүй, тэрээр ЭЗЭН Бурхандаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсангүй. 5 Ингээд Соломон сидончуудын охинтэнгэр Ашторэт, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг дагав. 6 ЭЗЭНийг Соломон эцэг Давид шигээ үнэнчээр дагалгүй, ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. 7 Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошт мөн Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Йерусалимын зүүн зүгт орших уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов. 8 Өөрсдийн бурхдад утлага ба тахил өргөж байсан бүх харь эхнэрүүддээ Соломон мөн тийнхүү хандав.
9 Соломон зүрх сэтгэлээ Израилын Бурхан ЭЗЭНээс эргүүлсэн тул ЭЗЭН Соломонд хилэгнэжээ. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, 10 өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч ЭЗЭНий тушаалыг Соломон сахисангүй. 11 Тэгэхэд ЭЗЭН, Соломонд
—Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно. 12 Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. 13 Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Йерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
Соломоны өстнүүд
14 Үүний дараа ЭЗЭН, едом хүн Хададыг Соломоны сөргөлдөгч болгов. Тэр Едомын хааны удмын хүн байв. 15 Урьд нь Давид Едомыг цохих үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг нутаглуулахаар очихдоо, Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд 16 (Учир нь Иоаб болон бүх Израил Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм.) 17 Хадад эцгийнхээ зарц болох хэсэг едомын хамт Египет рүү зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. 18 Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрийг дагуулан Египетэд ирж Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж мөн газар ч өгчээ. 19 Хадад, Фараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг эхнэр болгон өгчээ. 20 Тахпенезын охин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат, Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө. 21 Харин Хадад Египетэд байхдаа Давидыг эцэг өвгөдтэйгөө нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод
—Намайг төрсөн нутагт минь явуулаач гэж Фараонд хэлэв. 22 Тэгэхэд Фараон түүнд
—Надтай хамт байхад чамд юу дутлаа гэж чи нутагтаа буцах гээд байна? гэв. Хадад
—Үгүй дээ, гэлээ ч намайг заавал явуулж өгөөч гэж хариулжээ.a 23 Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан, Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов. 24 Зобад харьяалагдах хүмүүсийг Давид устгасны дараа Резон хүмүүс цуглуулж дээрэмчдийн бүлгийн толгойлогч болжээ. Тэд Дамаскт очиж суурьшаад, Дамаскийг хаад лугаа адил захирч байв. 25 Соломоны амьдралынх нь турш Резон, Израилын сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилыг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.
Иеробоамын бослого
26 Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. 27 Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм. 28 Иеробоам чадвартай хүн байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ. 29 Тэр үед Иеробоамыг Йерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад 30 Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж арван хоёр хэсэг болгон урлаа. 31 Тэрээр Иеробоамд
—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилын Бурхан ЭЗЭН “Үзэгтүн, Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно. 32 Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилын бүх овгуудаас Миний сонгосон хот Йерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ. 33 Учир нь тэдb Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, харин Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ байсангүй, Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй. 34 Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан сонгосон зарц Давидынхаа төлөө Би Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, түүнийг ноён хэвээр байлгана. 35 Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг авч, арван овгийг чамд өгөх болно. 36 Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Йерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө. 37 Би чамайг авах бөгөөд чи хүсэж буй бүгдийнхээ дээр хаан болон захирч, Израилын дээр хаанчлах болно. 38 Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилыг чамд даатгана. 39 Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв. 40 Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египет рүү, Египетийн хаан Шишак руу зугтан Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.
Соломон өөд болов
(2Шс 9:29–31)
41 Соломоны бусад үйл хэрэг, хийсэн бүхэн мөн түүний мэргэн ухаан нь Соломоны түүхийн номд бичигдсэн бус уу? 42 Соломон Йерусалимд суун хамаг Израилыг захирсан хугацаа нь дөчин жил байв. 43 Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.
- 11:1 Дх 17:17
- 11:2 Гэт 34:16; Дх 7:3–4
- a11:22 ЭЗО: Тэгээд нутагтаа буцжээ. Эх бичвэртээ ийм үг байхгүй.
- b11:33 ЭЗО: Соломон