Арамын эсрэг Иудатай хамсав
(2Шс 18:2–27)
22 1 Арам Израилын хооронд дайн бололгүй гурван жил өнгөрөв. 2 Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат, Израилын хааныг зорьж ирлээ. 3 Израилын хаан түшмэддээ
—Рамот-Гилеад бидэнд харьяалагддаг болохыг та нар мэдэхгүй юү? Бид түүнийг Арамын хааны гараас булаан авахын оронд зүгээр сууцгааж байна шүү дээ гэв. 4 Тэрээр Иехошафатад хандан
—Рамот-Гилеад руу довтлохоор чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилын хаанд
—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд бол чиний морьд гэв.
5 Тэгээд Иехошафат, Израилын хаанд
—Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв. 6 Тэгэхэд Израилын хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс
—Би Рамот-Гилеадын эсрэг тулалдах уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд
—Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 7 Гэвч Иехошафат
—Бидэнд өөр асууж болох ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэж хэллээ. 8 Израилын хаан, Иехошафатад
—ЭЗЭНээс асууж болох нэг хүн бий нь бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд
—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэв. 9 Тэгэхэд Израилын хаан албатаа дуудан
—Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав. 10 Израилын хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн чөлөөтэй талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж
—ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ. 12 Бүх эш үзүүлэгчид
—Рамот-Гилеад руу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
Микаиа ялагдлыг зөгнөв
13 Микаиаг дуудахаар явсан элч түүнд
—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс бүгд нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний үг шиг болгож, сайныг яригтун гэв. 14 Харин Микаиа
—ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ. 15 Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс
—Микаиа, бид Рамот-Гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд
—Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ. 16 Хаан харин түүнд
—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хэчнээн удаа гуйх юм бэ? гэв. 17 Микаиа хариуд нь
Бүх Израил хоньчингүй хоньд мэт
Уулсын оройгоор тархан явахыг би харлаа.
ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.
Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэлээ
хэмээн өчив.* 18 Тэгэхэд Израилын хаан, Иехошафатад
—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 19 Микаиа
—Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.* 20 ЭЗЭН “Хэн Ахабыг уруу татаж, Рамот-Гилеад руу явуулж унагах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа. 21 Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэв. 22 ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ. 23 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН энэ бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 24 Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад
—ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд миний хаагуур зөрчихөө вэ? гэв. 25 Микаиа
—Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдрөө чи мэдэх болно гэв. 26 Израилын хаан
—Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш руу буцаагтун. 27 Мөн «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, хомсхон талх, усаар өл залгуул» гэж хаан тушааж байна хэмээн хэл гэв. 28 Микаиа
—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд
—Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв.
Ялагдал ба Ахабын үхэл
(2Шс 18:28–34)
29 Ингээд Израилын хаан мөн Иудагийн хаан Иехошафат нар Рамот-Гилеад руу хөдлөв. 30 Израилын хаан тэгэхэд Иехошафатад
—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилын хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо. 31 Арамын хаан тэрэгт цэргийнхээ гучин хоёр ахмадад тушаан
—Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилын хаантай л тулалдагтун гэв. 32 Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад
—Энэ яг Израилын хаан мөн байна гээд түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд Иехошафат тусламж гуйн хашхирчээ. 33 Тэрэгт цэргийн ахмадууд түүнийг Израилын хаан биш болохыг харангуутаа түүнээс эргэв. 34 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилын хааныг хуягийнх нь завсраар оножээ. Хаан, дэлбэгчдээa
—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 35 Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, орой болоход үхэв. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байлаа. 36 Тэгтэл нар шингэхийн алдад
—Бүгд өөр өөрийн хот руу, тус тусын нутаг руугаа явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав. 37 Ийнхүү хаан үхэж, түүнийг Самарид авчран нутаглуулжээ. 38 Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. Тэнд янхнууд усанд ордог байв. 39 Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан хаан болжээ.
Иудаг Иехошафат хаанчлав
(2Шс 20:31—21:1)
41 Израилын хаан Ахабын дөрөвдүгээр онд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов. 42 Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Йерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм. 43 Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, эргэж буцсангүй, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлджээ. Гэвч мөргөлийн өндөрлөгүүдийг устгаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил ба утлага өргөсөөр байв. 44 Иехошафат мөн Израилын хаантай эв найрамдлыг тогтоосон юм.
45 Иехошафатын бусад үйл хэрэг, түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 46 Эцэг Асагийнх нь өдрүүдэд үлдсэн шүтээний янхнуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан билээ. 47 Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв. 48 Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-Геберт сүйрсэн учир явж чадсангүй. 49 Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад
—Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач гэсэн боловч Иехошафат хүсээгүй юм.
50 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө тавигдсан бөгөөд түүний хүү Иехорам залгамжлан хаан болов.
Израилыг Ахазиа хаанчлав
51 Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар онд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилын хаан болов. Тэрээр хоёр жил Израилыг захирчээ. 52 ЭЗЭНий мэлмийн өмнө тэрээр ёрын мууг үйлдэн эцэг, эхийнхээ замаар болон Израилыг нүгэлд хүргэсэн Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм. 53 Эцэг нь хэрхсэний адил тэр ч бас Баалд үйлчлэн өмнө нь мөргөж, Израилын Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлжээ.
- 22:17 Тоо 27:17; Мт 9:36; Мк 6:34
- 22:19 Иса 6:1; Иов 1:6
- a22:34 дэлбэгч: Морин тэрэг жолоодогч.