Наботын усан үзмийн цэцэрлэг
21 1 Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ. 2 Ахаб, Наботад хандан
—Таны усан үзмийн цэцэрлэг миний гэртэй ойр тул түүнийг надад өгөөч. Би түүнийг ногооны тариалан болгох гэсэн юм. Би чамд энэ усан үзмийн цэцэрлэгээс илүү сайныг өгье. Хэрэв хүсэж байвал өртгийг нь мөнгөөр төлье гэв. 3 Гэвч Набот, Ахабт
—Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв. 4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уур уцаартай орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан юу ч идсэнгүй.
5 Харин түүний эхнэр Иезебел түүн дээр ирээд
—Юунд чи дүнсгэр царайлаад хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ. 6 Хаан түүнд
—Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд “Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье” гэсэн боловч тэрээр “Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй” гэнэ хэмээн хариулав. 7 Түүний эхнэр Иезебел түүнд
—Израилыг одоо чи захирч байгаа биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв.
8 Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахлагчдад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв. 9 Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга. 10 Түүний хажууд үл бүтэх хоёр хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг бас хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв. 11 Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ. 12 Тэд мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав. 13 Тэгтэл үл бүтэх хоёр хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж
—Набот, Бурханыг бас хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн рүү чулуу шидлэн алжээ. 14 Ингээд тэд Иезебелд
—Набот руу чулуу шидэж хөнөөв гэх хэл илгээжээ. 15 Набот чулуугаар шидүүлэн үхсэн гэдгийг Иезебел сонсмогц, Ахабт хандан
—Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн ав. Набот одоо амьд биш харин үхсэн гэв. 16 Набот үхсэнийг сонсоод Ахаб босож, иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгохоор явав.
ЭЗЭНий шийтгэлийг Елиа дуулгав
17 Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь
— 18 Босогтун. Самарид байгаа Израилын хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа. 19 Чи түүнд хэл. “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи хүн алчхаад бас эд хөрөнгийг нь авах нь уу? Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж ЭЗЭН айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.* 20 Ахаб, Елиад
—Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа
—Би чамайг оллоо. Учир нь чи ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрийгөө худалджээ. 21 Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулгаж, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Тэгээд чөлөөт ч бай, боол ч бай Ахабынхны бүх эр хүйстнийг Би Израилд үндсээр нь устгах болно. 22 Чи Израилыг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно. 23 ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа “Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг идэх болно.* 24 Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас цогцсыг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэсэн гэж хэлэв.
25 ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм. 26 Израилын хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийг Ахаб дагаж, шүтээнүүдэд мөргөснөөрөө маш их бузар мууг үйлджээ. 27 Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ. 28 Тэр үед ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж
— 29 Миний өмнө Ахаб өөрийгөө хэчнээн даруу болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгахгүй, харин хүүгийнх нь үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.
- 21:19 1Ха 22:38
- 21:23 2Ха 9:36