Өргөөг ЭЗЭНд өргөв
(2Шс 5:2—6:2)
8 1 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилын ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилын хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Йерусалимд өөрийнхөө өмнө Соломон цуглуулав.* 2 Долдугаар сар буюу Етаним сард баяр наадмаар Израилын бүх эрчүүд Соломон хааны өмнө цугларав.* 3 Ингээд Израилын ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа. 4 Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав. 5 Соломон хаан болон түүний өмнө хүрэлцэн ирсэн Израилын хотол түмэн түүний хамт авдрын өмнө тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв. 6 Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт херүбүүдийн далавчин доор байранд нь заллаа. 7 Херүбүүд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 8 Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий. 9 Израилчууд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.* 10 Тэгтэл тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөнд үүл дүүрэв.* 11 Үүлнээс болоод тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа. Учир нь ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн аж. 12 Тэгээд Соломон
Үүл манан дунд Би оршино хэмээн ЭЗЭН айлтгалаа *
13 Үүрд мөнх Түүний залрах газар,
Цог жавхлант өргөөг би барьж босголоо
гэж хэлэв.
Соломоны үг
(2Шс 6:3–11)
14 Тэгээд хаан эргэн харж, Израилын бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. 15 Тэрээр
—Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилын Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа 16 “Би Өөрийн ард түмэн Израилыг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилын бүх овгоос аль ч хотыг сонгоогүй. Гэхдээ Өөрийн ард түмэн Израилыг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэв.* 17 Израилын Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм.* 18 Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. 19 Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт зориулан уг өргөөг барих болно” гэсэн билээ.* 20 ЭЗЭН хэлсэн үгээ баталлаа. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу эцэг Давидынхаа оронд Израилын сэнтийд заларч, Израилын Бурхан ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. 21 Бидний эцэг өвгөдийг Египет нутгаас гаргахдаа тэдэнтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ гэв.
Соломоны залбирал
(2Шс 6:12–42)
22 Тэгээд Соломон Израилын бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж
— 23 Израилын Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ. 24 Та Өөрийн зарц, миний эцэг Давидад амласнаа сахиж, Та Өөрийн амаар хэлснээ энэ өдөр Өөрийн мутраар биелүүллээ. 25 Тиймээс, Израилын Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил чиний хөвгүүд Миний өмнө явахын тулд тэд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилын сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү.* 26 Тиймээс, Израилын Бурхан минь ээ, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч!
27 Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!* 28 Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. ЭЗЭН Бурхан минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. 29 Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай.* 30 Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилын гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч.
31 Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд, ам тангараг өгөхөөр болж, тэрээр энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглах аваас 32 Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу.
33 Таны ард түмэн Израил Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан руу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас 34 Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилын нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу.
35 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болох үед тэд энэ газарт хандан залбирч, Таны нэрд талархаж, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэх аваас 36 Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилын нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!
37 Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг өвчин зовлон нөмрөх үед, 38 цөхрөлийг зүрхээрээ мэдэрч гараа энэ өргөө тийш сунгасан хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилын ямар ч залбирал, ямар ч гуйлтыг 39 Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсож, уучлаач. Та л хүн бүрийн сэтгэл зүрхийг мэдэх тул хүн бүрд үйлийнх нь дагуу хариулаач. Зөвхөн Та л хүний хөвгүүн нэг бүрийн зүрхийг мэдэх билээ. 40 Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой.
41 Түүнчлэн Таны ард түмэн Израилынх биш боловч Таны нэрийн төлөө хол газраас ирсэн харь хүний хувьд ч, 42 (Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсох билээ.) тэр ирж энэ өргөөнд хандан залбирах аваас 43 Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, Таныг дуудсан тэр хүний гуйлтын дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилын адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.
44 Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед, 45 Та тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсож, тэдэнд шийдлийг гаргаж соёрхоно уу.
46 Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээр (Нүгэл хийдэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, дайсан нь тэднийг хол ч бай, ойр ч бай нутагтаа олзлон аваачихад, 47 хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас 48 мөн өөрсдийг нь олзолсон дайснуудын нутагт тэд Тан руу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар ба Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө тийш Танд хандан залбирах аваас 49 Та тэнгэр дэх Өөрийн орших газраасаа тэдний залбирал ба гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгөөч. 50 Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон тэдний үйлдсэн бүх гэмт үйлдлийг уучлан өршөөж, тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэх хүртэл нь тэр хүмүүсээр дамжуулж тэднийг нигүүлсээрэй. 51 Учир нь тэд Таны ард түмэн бөгөөд Египетээс буюу төмөр хайлуулдаг зуухан дотроос Таны гаргаж авсан өв тань билээ. 52 Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож байхын тулд Өөрийн зарц ба Өөрийн ард түмэн Израилын гуйлт бүхэнд мэлмийгээ нээлттэй байлгаач. 53 Эзэн БУРХАН минь ээ, Та эцэг өвгөдийг маань Египетээс гаргахдаа Өөрийн зарц Мосегоор дамжуулан айлдсанчлан тэднийг Өөрийн өв болгон дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ гэж залбирав.
Соломон Израилыг ерөөв
54 Соломон уг залбирал ба гуйлтыг ЭЗЭНд залбирч дууссаныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд дэлгэн босов. 55 Тэр босон зогсоод, Израилын бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн
— 56 Амласан ёсоороо Өөрийн ард түмэн Израилд амар тайвныг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн зарц Мосегоор дамжуулан Түүний ярьсан бүх зөв сайн амлалтаас нэг ч үг орхигдсонгүй биелэв.* 57 Бидний Бурхан ЭЗЭН эцэг өвгөдтэй минь хамт байсан шиг бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг эс орхиж, үл умартах болтугай. 58 Өөрийн бүх замаараа биднийг алхуулж, эцэг өвгөдөд минь тушаасан Өөрийн тогтоол, зарлиг, тушаалуудыг сахиулж мөрдүүлэхийн тулд бидний зүрхийг Тэр Өөртөө хандуулах болтугай. 59 ЭЗЭНий өмнө энэрэл хайрыг гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр Тэр Өөрийн зарц бөгөөд ард түмэн болсон Израилд өдрөөс өдөрт шийдлийг өгөх болтугай. 60 Ингэснээр өөр хэн ч биш, ЭЗЭН л Бурхан гэдгийг дэлхийн бүх ард түмэн мэдэх болтугай. 61 Тиймээс өнөөдрийнх шиг ЭЗЭН Бурханыхаа тушаалуудыг сахин, Түүний тогтоолууд дотор явахын тулд та нарын зүрх Түүнд бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.
Соломон тахил өргөв
(2Шс 7:4–10)
62 Тэгээд хаан ба түүнтэй хамт байсан бүх Израил, ЭЗЭНий өмнө тахил өргөв. 63 Соломон, ЭЗЭНд зориулан эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилын бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов. 64 Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй жижиг байсан юм.
65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израил ЭЗЭНий өмнө долоо хоногa баяр наадам хийв. 66 Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израилд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс гэр гэртээ харьцгаалаа.
- 8:1 2См 6:12–16; 1Шс 15:25–29
- 8:2 Лев 23:24
- 8:9 Дх 10:5
- 8:10–11 Гэт 40:34–35
- 8:12 Дуу 18:11, 97:2
- 8:16 2См 7:4–11; 1Шс 17:3–10
- 8:17–18 2См 7:1–3; 1Шс 17:1–2
- 8:19 2См 7:12–13; 1Шс 17:11–12
- 8:25 1Ха 2:4
- 8:27 2Шс 2:6
- 8:29 Дх 12:11
- 8:56 Дх 12:10; Иош 21:44–45
- a8:65 эсвэл бас дахин долоо хоног буюу нийт арван дөрвөн хоног