Иеробоамынхны эсрэг шүүлт

14 1 Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо. 2 Иеробоам эхнэртээ
—Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд танигдахааргүйгээр зүсээ хувиргаад Шило руу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий. 3 Арван талх, зөөлөн боов, нэг ваар зөгийн бал аваад түүн дээр оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж хэлэв.
4 Иеробоамын эхнэр хэлсэн ёсоор нь Шило руу явж Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос нүд нь муудаж, харж чадахаа больжээ. 5 ЭЗЭН, Ахиад
—Харагтун, Иеробоамын эхнэр өвчтэй хүүгийнхээ талаар үг асуухаар чам руу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хэл. Тэр орж ирэхдээ өөрийгөө танигдахааргүйгээр зүсээ хувиргасан байна гэж айлдсан байлаа. 6 Үүдээр орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод
—Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд чи өөрийгөө танигдахгүй болгов? Би чам руу муу мэдээтэй илгээгдсэн юм. 7 Явж, Иеробоамд “Израилын Бурхан ЭЗЭН хэлэхдээ «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилыг захирах удирдагчаар томилж, 8 Давидын ургийнхнаас хаанчлалыг таслан авч чамд өгсөн боловч чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид, Миний тушаалуудыг сахиж, Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ. 9 Харин чи өөрөөс чинь өмнө байсан бүгдээс илүү муу муухайг үйлдэн, өөртөө өөр бурхад болон цутгамал хөргүүд хийж, Намайг хилэгнэхэд хүргэн эцэстээ Надад нуруугаа харуулсан. 10 Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай, Израилд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.* 11 Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход цогцсыг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ» гэсэн” гэж хэл. 12 Харин одоо чи босож, гэртээ харигтун. Чамайг хотод хөл тавимагц хөвгүүн үхэх болно. 13 Бүх Израил түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилын Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана. 14 Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр, энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилыг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг нэгэн өдөр арчиж хаяна. 15 ЭЗЭН Израилыг усанд найгах зэгс адил цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг хийж ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилыг суга татаж, Евфрат мөрний чанад руу тараах болно. 16 Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилаар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилыг хаях болно гэж хэлэв.
17 Ингээд Иеробоамын эхнэр босон явж, Тирза руу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирэх үед хүүхэд өөд болов. 18 Өөрийн зарц эш үзүүлэгч Ахиагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу бүх Израил түүнийг оршуулж, түүний үхэлд гашууджээ.

Иеробоамын үхэл

19 Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан болон бусад үйл хэрэг Израилын хаадын шастир номд бичигдсэн юм. 20 Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд хүү Надаб нь түүний оронд хаан болжээ.

Иуда дахь Рехобоамын хаанчлал
(2Шс 11:5—12:15)

21 Соломоны хүү Рехобоам Иудагийн хаан байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ байлгахын тулд Израилын бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Йерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. 22 Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдийнхөө хийсэн бүгдээс илүү нүгэл үйлдсэнээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв. 23 Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго багануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.* 24 Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилын хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.*
25 Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак, Йерусалимын эсрэг довтлон иржээ. 26 Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авав. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.* 27 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 28 Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд буцааж аваачих болжээ.
29 Рехобоамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 30 Рехобоам, Иеробоам нарын хооронд бүхий л өдрүүдэд нь дайн дажин үргэлжилсээр байв. 31 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. Хүү Абиам нь түүний оронд хаан болов.


  • 14:10 1Ха 15:29
  • 14:23 2Ха 17:9–10
  • 14:24 Дх 23:17
  • 14:26 1Ха 10:16–17; 2Шс 9:15–16