Иудагийн хаан Абиам: Шүтээн ба дайн
(2Шс 13:1—14:1)

15 1 Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар онд Абиам Иудагийн хаан болжээ. 2 Тэр Йерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. 3 Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭН Бурхандаа бүрэн зориулагдсангүй, өвөг эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй. 4 Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Йерусалимыг сэргээн тогтоохын тулд Давидад Йерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.* 5 Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчөөгүй юм.* 6 Иеробоам, Рехобоам нарын хооронд амьдралынх нь бүх өдрүүдэд дайн дажин байв.
7 Абиамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. 8 Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.

Иудаг Аса хаанчлав
(2Шс 15:16—16:6)

9 Израилын хаан Иеробоамын хорьдугаар онд Аса Иудагийн хаан болжээ. 10 Тэрээр Йерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа. 11 Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 12 Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав. 13 Тэр бас өөрийн эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь эх нь Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эхийнхээ жигшүүрт хөргийг цавчиж, Кидрон гуунд шатаав. 14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд алга болсонгүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.
15 Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрав.

Израилын эсрэг Арамтай эвсэв

16 Аса ба Израилын хаан Бааша нарын хооронд тэдний бүхий л өдрүүдэд дайн дажин байв. 17 Израилын хаан Бааша Иудаг довтлон ирж Иудагийн хаан Аса руу хэнийг ч оруулахгүй бас гаргахгүй байхын тулд Рамаг барьж босгов. 18 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хамж аваад түшмэдийнхээ гарт өгч, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-Хададад илгээн 19 “Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилын хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж хэлүүлэв. 20 Бен-Хадад Аса хааныг сонсож, Израилын хотуудыг довтлохоор цэргийн жанждаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-Бет-Маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа. 21 Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв. 22 Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх иуда хүнд зарлигдсан тул тэд ирж Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.
23 Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов. 24 Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигджээ. Хүү Иехошафат нь түүний оронд хаан болов.

Израилыг Надаб хаанчлав

25 Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израилын хаан болж, хоёр жилийн турш Израилыг захирав. 26 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилаар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ.
27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израил Гиббетоныг бүсэлж байжээ. 28 Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо. 29 Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг нь хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамынханд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.* 30 Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилаар ч нүгэл үйлдүүлэн Израилын Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. 31 Надабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 32 Аса болон Израилын хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.

Бааша Израилыг хаанчлав

33 Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилын хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. 34 Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, Израилаар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.


  • 15:4 1Ха 11:36
  • 15:5 2См 11:1–27
  • 15:29 1Ха 14:10