Йерусалимд мөргөл сэргэсэн нь

3 1 Долдугаар сар болоход Израилын хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Йерусалимд цуглацгаав. 2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахил өргөхийн тулд Израилын Бурханы тахилын ширээг босгов.* 3 Тэд хөрш нутгийн хүмүүсээс айж байсан ч тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад, түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, оройд өргөв.* 4 Тэд Майхан баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.* 5 Үүний дараагаас байнгын шатаалт тахил өргөжээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.* 6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхлэв. Харин ЭЗЭНий сүмийн суурь хараахан тавигдаагүй байлаа. 7 Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай руу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.

ЭЗЭНий өргөөний суурийг тавив

8 Йерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Йерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилжээ. 9 Тэгээд Иешуа, түүний хөвгүүд болон ах дүү нар, Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийнa хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүд болон ах дүү левичүүдтэй хамт Бурханы өргөөн дэх ажилчдыг хянахаар нэг хүн мэт зогсоцгоов.
10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилын хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөж бүрээгээ бариад харин левичүүд, Асафын хөвгүүд цан бариад зогсоцгоов.* 11 Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж
—Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл Израил дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаалаа.* 12 Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүн нараас анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв. 13 Чимээ нь алсад сонсогдтол ард олон чанга дуугаар шуугьж байсан учир хүмүүсээс хэн ч баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.


  • 3:2 Гэт 27:1
  • 3:3 Тоо 28:1–8
  • 3:4 Тоо 29:12–38
  • 3:5 Тоо 28:11—29:39
  • a3:9 эсвэл Ходавиа (2:40 үз.)
  • 3:10 1Шс 25:1
  • 3:11 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11