Сэргээн босголтод саад тулгарав
4 1 Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилын Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2 Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүн нарт
—Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.* 3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилын эцгүүдийн бүлийн бусад тэргүүн нар тэдэнд
—Манай Бурханд өргөө барих нь бидний хэрэг болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилын Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. 4 Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цааш барихаас зүрхшээлгэж байв. 5 Тэд Персийн Кореш хааны бүх өдрүүдээс Персийн хаан Дариусынa хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлдөг байжээ.
Йерусалимыг сэргээхийг эсэргүүцэв
6 Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Йерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг заргын бичиг бичив.* 7 Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арамb хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно. 8 Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Йерусалимын эсрэг дараах захиаг бичив. 9 Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд, 10 бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээхc бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичжээ. 11 Тэдний түүнд илгээсэн захианы хуулбарт “Артаксеркс хаанд таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүсээс илгээв. 12 Танаас бидэн дээр ирсэн иудейчүүд эдүгээ Йерусалим руу явсан байна. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаанд мэдүүлье! 13 Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй! 14 Бид ордны давсыг хүртдэгd учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохино. Тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдэгдэж байна. 15 Ингэх нь таны эцэг өвгөдийн тойм номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тойм номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ. 16 Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.
17 Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх бусад нутагт амьдардаг тэдний бусад хамтрагчдад хаан амар тайвны мэндтэй хариу илгээж, 18 “Та нарын бидэнд илгээсэн захидлыг би үг бүрчлэн уншлаа. 19 Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь мэдэгдлээ. 20 Мөн Йерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв. 21 Тиймээс одоо тэр хүмүүсийг болиулах тушаал гарга! Намайг бошиг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй. 22 Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Хаадад учирч болох хор хохирлыг ихэсгэх хэрэг юу байна?” гэжээ.
23 Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Йерусалим дахь иудейчүүд руу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав. 24 Тэр үед Йерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.*
- 4:2 2Ха 17:24–41
- a4:5 Дариус: Энэ үйл явдал 24-р эшлэлд үргэлжилнэ. Харин 6–23-р эшлэлд өгүүлэх үйл явдал бараг зуун жилийн дараа болжээ.
- 4:6 Ест 1:1
- b4:7 арам: Энэ номын 4:8—6:18 хүртэл еврейгээр бус Персийн эзэнт гүрний албан ёсны хэл арамаар бичигдсэн байдаг.
- c4:10 Иудагийн газар нутаг нь Персийн захиргаанд багтаж, Евфрат мөрний баруун эрэг дэх том мужийнх нь нэг хэсэг болж байв.
- d4:14 ордны давсыг хүртэх: Хаанд үнэнч бөгөөд өмнө нь үүрэг хүлээсэн гэсэн утгатай.
- 4:24—5:1 Хаг 1:1; Зех 1:1