Харийнхантай урагласныг буруушаав

9 1 Энэ явдлууд өнгөрсний дараа ноёд над дээр ирж
—Израилын ард түмэн, тахилч нар болон левичүүд энэ нутгийн жигшүүрт зүйлс бүхий хүмүүсээс, тухайлбал канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудаас өөрсдийгөө тусгаарласангүй. 2 Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэмжгүй явдалд хамгийн түрүүнд оролцсон гэв. 3 Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув. 4 Тэгэхэд олзлолоос ирэгсдийн үнэнч бус явдлаас болж Израилын Бурханы үгсээс бүгд айн чичирч, над дээр цугларав. Гэвч би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суулаа.

Езрагийн залбирал

5 Гэвч оройн тахилын үед би хувцас, нөмрөгөө урж, өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа дэлгэв. 6 Тэгээд би
—Өө, Бурхан минь! Би Таны өөдөөс нүүрээ өргөхөөс ичиж зовж байна, Бурхан минь! Учир нь бидний хууль бус явдал толгойг маань давж, бидний хилэнц тэнгэрт тултлаа ихэсжээ. 7 Эцэг өвгөдийн маань өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж ял дор байж, хилэнцийнхээ улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзлол, дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг орсон билээ. 8 Гэвч ЭЗЭН Бурхан минь бидэнд нигүүлслээ түр зуур үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон. 9 Бид хэдийгээр боол болсон ч биднийг боолчлолд байхад Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, Бурханыхаа өргөөг босгон нурангийг нь сэргээн Иуда болон Йерусалимын хамгаалах даланг бидэнд өгчээ.
10 Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон. 11 Та Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараараа дамжуулан тушаахдаа “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь эдгээр газрын хүмүүсийн бузар явдлаар бузартсан юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар явдлаараа нэг захаас нөгөө захыг нь хүртэл дүүргэсэн. 12 Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар тэдний амар амгаланг эсвэл сайн сайхныг хэзээ ч бүү эр! Тэгснээр та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээх юм” гэсэн билээ.* 13 Бидний ёрын муу үйлийн асар их ялаас болж бидний дээр ирсэн энэ бүхний эцэст Бурхан минь, Та бидний хилэнцээс хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт үлдэж хоцрогсдыг өгснөөс хойш 14 бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг нэг ч үлдэгсэдгүй, нэг ч зугтагсадгүй болтол бүү устгаач. Та бидэндээ ингэтлээ бүү хилэгнээч. 15 Өө, Израилын Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


  • 9:12 Гэт 34:11–16; Дх 7:1–5