Дариус хааны зарлиг
6 1 Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэс хадгалах номын өргөөнөө нягтлал хийлгэв. 2 Меде аймгийн төв, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл: 3 Кореш хааны анхдугаар онд Кореш хаан зарлиг гаргахдаа «Йерусалим дахь Бурханы өргөөг тахил өргөдөг газар болгож дахин босгогтун, суурийг нь сэргээгтүн! Түүний өндөр жаран тохой, өргөн жаран тохой байх бөгөөд 4 дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн! 5 Мөн Йерусалим дахь сүмээс Вавилон руу Небухаднезарын аваачсан Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгануудыг Йерусалим дахь сүмд, байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь» гэжээ. 6 Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-Бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх аймгуудын албан хаагчид тэндээс хол байцгаа! 7 Бурханы өргөөний энэ ажлыг зүгээр орхи. Бурханы энэ өргөөг иудей захирагч ба иудей ахлагчид буйран дээр нь барьцгааг. 8 Түүнээс гадна, тэд Бурханы энэ өргөөг дахин барихын тулд та нар Иудагийн эдгээр ахмадуудад хэрхэн хандах талаар би зарлиг гаргаж байна. Тэр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх аймгуудын алба гувчуураас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой. 9 Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бух, хуц ба хурганууд мөн буудай, давс, дарс, тос, алив хэрэгтэй бүхнийг Йерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүй өгч бай. 10 Энэ нь тэд тэнгэрийн Бурханд утлага өргөж, хаан хийгээд түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм. 11 Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөөс үүнийх нь төлөө түүний байшингаас гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь балгасан овоо болгогтун гэсэн зарлигийг би буулгав. 12 Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Йерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан Өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!” гэжээ.
ЭЗЭНий өргөөг барьж дуусав
13 Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-Бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэн үгийн дагуу хичээж ёсчлон гүйцэтгэв. 14 Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахлагчид барих ажилдаа амжилттай байлаа. Тэгээд тэд Израилын Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав.* 15 Энэ сүм Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар он байлаа. 16 Израилын хөвгүүд буюу тахилч нар, левичүүд бас цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний нээлтийг баяр хөөртэйгөөр ёслон тэмдэглэв. 17 Тэд Бурханы энэ өргөөний нээлтэд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга мөн бүх Израилын нүглийн тахилд Израилын овгуудын тоотой адил арван хоёр ухныг авчирчээ. 18 Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Йерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов.
Алгасалыг сахив
19 Цөллөгөөс ирсэн хөвгүүд нэгдүгээр сарын арван дөрвөнд Алгасалыг сахилаа.* 20 Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлж, тэд бүгд цэвэр болжээ. Тэгээд цөллөгөөс ирсэн бүх хөвгүүд, тэдний ах дүү тахилч нарт болон өөрсдөдөө зориулан тэд Алгасалын хургыг төхөөрөв. 21 Ийнхүү цөллөгөөс буцаж ирсэн Израилын хөвгүүд ба Израилын Бурхан, ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүн зоог барилаа. 22 ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилын Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааныa зүрхийг тэдний талд эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
- 6:14 Хаг 1:1; Зех 1:1
- 6:19 Гэт 12:1–20
- a6:22 Ассирийн хаан: Израилын эртний дайсан ассиричуудад нэг удаа эзлэгдэж байсан нутгийг захирч байсан Персийн хааны тухай хэлсэн бололтой.