Езрагийн үйлс
7 1 Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, 2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, 3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, 4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, 5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. 6 Езра нь Вавилоноос ирсэн бөгөөд Израилын Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. 7 Израилын хөвгүүдийн зарим нь, тахилчид, левичүүд, дуучид, гулдан хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчдийн зарим нь Артаксеркс хааны долдугаар онд Йерусалим руу явцгаав. 8 Тэрээр хааны долдугаар оны тавдугаар сард Йерусалимд ирэв. 9 Нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос аян зам эхэлж, Бурханых нь ерөөлт мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Йерусалимд иржээ. 10 Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд болон Израилд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.
Езрад бичсэн Артаксеркс хааны захидал
11 ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израилд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын захидлын хуулбарыг сийрүүлбэл, 12 “Хаадын хаан Артаксерксаас тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад. Төгс амгалан байтугай!a 13 Одоо миний хаанчлалд буй Йерусалим руу явахыг хүсэж байгаа ямар ч израил хүн болон тэдний тахилч нар ба левичүүд нь чамтай хамт явж болно гэж би зарлиг буулгалаа. 14 Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Йерусалим болон Иудагийн талаар судлахаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон илгээгдэж байна. 15 Йерусалимд оршихуй нь буй Израилын Бурханд хаан ба түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн алт, мөнгө, 16 Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгө болон Йерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг чи аваад яв. 17 Чи бух, хуц бас хургануудыг хичээнгүйлэн худалдаж аваад тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй хамт Йерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө! 18 Бурханыхаа хүслийн дагуу чиний бас ахан дүүсийн чинь нүдэнд юу тааламжтай гэснээ чи дээрхээс үлдсэн алт, мөнгөөр хийж болно. 19 Бас чиний Бурханы өргөөний үйлчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Йерусалимын Бурханы өмнө иж бүрнээр нь хүргэ! 20 Бурханы өргөөний үлдсэн хэрэгцээг хангах хэрэг гарвал чи тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас гаргуул!
21 Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх бүх жасын няравт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой. 22 Зуун мөнгөн талант, зуун кор буудай, зуун бат дарс, зуун бат тос мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр нь өг! 23 Тэнгэрийн Бурханы тушаасан бүхэн тэнгэрийн Бурханы өргөөнд хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг. Учир нь, яагаад хааны эзэнт улс болон түүний хөвгүүд дээр хилэн буух ёстой гэж? 24 Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч алба гувчуур, гааль татвар ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.
25 Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг. 26 Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэнийг ч болов хатуу яллаж, алах эсвэл цөлөх эсвэл эд хөрөнгийг нь хураах эсвэл шоронд хорих ял тохоон гүйцэтгэ” гэжээ.
27 Йерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 28 Учир нь хаан хийгээд хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө Тэрээр надад энэрэл хайраа сунгасан билээ. Миний Бурхан ЭЗЭНий мутар над дээр байсан учир би зориг орж, Израилын удирдагчдыг өөртэйгөө хамт авч явахаар цуглуулав.
- a7:12 Энэ бүлгийн 12–26-р эшлэл арамаар бичигдсэн бөгөөд утга тодорхойгүй нэг арам үг энэ эшлэлд бий. (4:7 үз.)