Езратай хамт буцсан бүлийн тэргүүн нар

8 1 Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан эцгүүдийн бүлийн тэргүүн нар удмын бичигтэйгээ ийм болой. 2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт удмын бичигт тэмдэглэгдсэн зуун тавин эр, 4 Пахат-Моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эр, 5 Шеканиагийнa хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эр, 6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эр, 7 Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эр, 8 Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эр, 9 Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эр, 10 Шеломитынb хөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эр, 11 Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эр, 12 Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эр, 13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу нэрлэвэл Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эр, 14 Бигваин хөвгүүдээс Утаи, Заббуд нар болон тэдэнтэй хамт далан эр байв.

Бурханы өргөөний үйлчлэл

15 Би тэднийг Ахава руу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоног буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч леви хүнийг олсонгүй. 16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам гэх тэргүүн нарыг болон Иоиариб, Елнатан гэх багш нарыг дуудуулахаар хүмүүс илгээлээ. 17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо руу илгээв. Бидний Бурханы өргөөнд үйлчлэх хүмүүсийг ирүүлэхийн тулд Иддо болон Касифиа дахь сүмийн үйлчлэгчид болох ахан дүүстээ юу хэлэхийг нь би тэдэнд зааж өглөө. 18 Тэгээд бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар гээд арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилын хүү Левийн хөвгүүн Махлийн хөвгүүдээс гаралтай юм. 19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа ба ах дүү нар нь, мөн тэдний хөвгүүд нийлээд хорин хүн, 20 мөн левичүүдэд туслуулахаар Давид ба түшмэдийнх нь томилж байсан сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн ирэв. Тэд бүгд нэр нэрээрээ бүртгэгдсэн юм.

Хамгаалалтын төлөөх залбирал ба мацаг

21 Тэгээд өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгийнхөө төлөө аян замын аюулгүй байдлыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруусгахаар би Ахава голын дэргэд мацаг барилт зарлав. 22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө хаанаас цэрэг ба морьтнуудыг гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн билээ. 23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэрээр гуйлтыг минь сонсов.

Бурханы өргөөнд зориулсан бэлэг

24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас арван хүнийг тусгайлан сонгож, 25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израилчуудаас манай Бурханы өргөөнд зориулан өргөсөн алт, мөнгө, сав суулга, өргөлүүдийг тэдэнд жинлэж өгөв. 26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант, 27 мянган дарикийн үнэтэй хорин алтан аяга, алт мэт үнэтэй гялалзсан хоёр нарийн хүрэл савыг жинлэж өгөв. 28 Тэгээд би тэдэнд
—Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр алт, мөнгө нь та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөлүүд билээ. 29 ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Йерусалим дахь Израилын эцгүүдийн бүлийн тэргүүн нар, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө та нар эднийг сонор соргог хадгал гэв. 30 Тэгээд жинлэж өгсөн алт, мөнгө ба сав суулгуудыг Йерусалим руу бидний Бурханы өргөөнд аваачихаар тахилч нар ба левичүүд хүлээн авцгаав.

Йерусалимын зүг

31 Дараа нь бид Ахава голоос Йерусалим руу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв. 32 Ийнхүү бид Йерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа. 33 Тэгээд дөрөв дэх өдөр алт, мөнгө ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв. 34 Нэг бүрчлэн тоогоор нь, жингээр нь мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
35 Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилын Бурханд шатаалт тахил өргөв. Бүх Израилд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв. 36 Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.


  • a8:5 ЭЗО: Заттугийн Эх бичвэртээ ийм үгс байхгүй (2:8 үз.)
  • b8:10 ЭЗО: Банийн Эх бичвэртээ ийм үг байхгүй (2:10 үз.)