Израилын нэгдсэн хаант улс байгуулагдсан тухай Самуел номд гарсан түүх энэ номд үргэлжилнэ. Номыг 1) Давид хааныг залгамжлан Израил, Иудаг Соломон хаанчилсан нь; 2) Соломоны хаанчлал ба хөгжил цэцэглэлт, Йерусалимд ЭЗЭНий өргөө баригдсан нь; 3) Хаант улс өмнөд, хойд болон хуваагдаж, МЭӨ 9-р зууны дунд үе хүртэл эдгээр улсыг хаанчилж байсан хаадын түүхийг өгүүлсэн нь хэмээх хэсгүүдэд хуваан үзэж болно.
Нэг, хоёрдугаар Хаад номуудад хаан бүр Бурханы өмнө хэрхэн явсныг шүүн үзэж, үндэстний хувь заяа хаанаасаа шууд хамаарч байсныг харуулдаг. Өөрөөр хэлбэл хуурамч шүтээн, дуулгаваргүй байдал гай зовлонд хүргэж байлаа. Хойд хаант улсын хаад бүгд хүнд хэцүү цагт буруу шийд гаргаж байхад Өмнөд хаант улсын хаад сайн муу янз янз байжээ. Бурханы өмнө зөв явж, шүтээн шүтэхээс хол байхыг хүмүүст сануулж асан Бурханы эрэлхэг эш үзүүлэгчид энэ номын хамгийн цуутай хүмүүс юм.

Хааныг залгамжлахаар тэмцэлдэв

1 1 Давид хаан нас өндөр болж өтөллөө. Түүнийг хучлагаар хучаад ч дулаацахаа больжээ. 2 Зарц нар нь түүнд
—Хаан эзний маань өмнө үйлчлэн асарч, өвөрт нь хэвтэн хаан эзнийг маань дулаацуулах тийм нэгэн онгон охиныг эрж олцгооё гэлцэв. 3 Тэд Израилын нутаг дэвсгэр даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, шунем охин Абишагийг олоод, хаан дээр авчирлаа. 4 Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааныг асарч, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.
5 Тэр үед Хаггитын хүү Адониа
—Би хаан болно хэмээн өөрийгөө дөвийлгөж байв. Тэрээр өөртөө тэрэгт цэрэг, морьтнууд мөн өөрийнхөө урд гүйх тавин хүнийг бэлдүүлжээ.* 6 Эцэг нь түүнийг “Чи яах гэж ингэв?” гэж хэзээ ч зэмлэдэггүй байсан ажээ. Тэрээр Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа. 7 Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв. 8 Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй. 9 Адониа Ен-Рогелын ойролцоох Зохелетын хадны дэргэд хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөж, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүдийг бас Иудагийн эрчүүд буюу хааны бүх албат нарыг урьжээ. 10 Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрсийг бас өөрийн дүү Соломоныг урьсангүй.
11 Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн
—Хаггитын хүү Адониа хаан болчихсон бөгөөд бидний эзэн Давид үүнийг мэдээгүй байгааг та сонсоогүй юу?* 12 Одоо ирж, таны амийг мөн хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгөхийг надад зөвшөөрнө үү. 13 Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн. 14 Харагтун, та хаантанд тийн айлтгаж байх үед би араас тань орж, үгийг тань дэмжье гэв.
15 Хаантныг өрөөндөө байх үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд шунем охин Абишаг түүнд үйлчилж байлаа. 16 Тэгээд Батшеба бөхийж, хаанд мөргөлөө. Хаан
—Чи юу хүсэв? гэж асуув. 17 Тэрээр хаанд
—Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэсэн шүү дээ. 18 Гэтэл одоо, харагтун, Адониа хаан болжээ. Харин хаан эзэн минь, та үүнийг мэдээгүй л байна. 19 Адониа үй олон үхэр, тарган тугал болон хоньдоор тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг хүртэл урьж дуудсан боловч таны зарц Соломоныг урьсангүй. 20 Хаан эзэн минь, Израил дахины нүд тан дээр байна. Хаан эзний минь дараа түүний сэнтийд хэн залгамжлан суухыг та мэдүүлж өгөөрэй. 21 Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв. 22 Харагтун, Батшеба хаанд айлтгаж байх үед эш үзүүлэгч Натан орж ирлээ. 23 Хаанд
—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт тултал доош мэхийн хаанд мөргөв. 24 Тэгээд Натан
—Миний хаан эзэн та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” гэж хэлсэн юм уу? 25 Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдоор тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжидa ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна. 26 Харин тэрээр таны зарц намайг мөн тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны зарц Соломон нарыг урьсангүй. 27 Хаан эзэн таны минь дараа сэнтийд тань хэн залгамжлан суухыг та өөрийн зарц нартаа дуулгаагүй байхад ийм юм болж байгаа нь хаан эзэн минь таны санаа мөн үү? гэв.

Соломоныг өргөмжлөв

28 Тэгэхэд Давид хаан хариуд нь
—Батшебаг над руу дуудагтун гэлээ. Батшеба орж ирээд хааны өмнө зогсов. 29 Хаан түүнд
—Миний сэтгэлийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд! 30 Чамд Израилын Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний оронд сэнтийд минь суух болно” гэж хэлснээ өнөөдөр би биелүүлнэ гэв. 31 Тэгэхэд Батшеба нүүрээ газарт тултал доош мэхийн, хаанд бөхийж
—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв. 32 Дараа нь Давид хаан
—Тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа нарыг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ. 33 Хаан тэдэнд
—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан миний луусанд хүү Соломоныг минь мордуулаад Гихонд аваач. 34 Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилын хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун. 35 Тэгээд тэр ирээд миний сэнтийд сууж, та нар түүнийг даган ирэгтүн. Би түүнийг Израил ба Иудагийн удирдагчаар томилсон тул тэр миний оронд хаан болох ёстой гэж тушаав. 36 Иехоиадагийн хүү Бенаиа, хаанд хариулан
—Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч тийн айлдтугай. 37 Хаан эзэнтэй минь ЭЗЭН хамт байсан шиг Соломонтой ч бас хамт байж, түүний сэнтийг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай гэж хэлэв.
38 Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүд доош явж Соломоныг Давид хааны луусанд мордуулан Гихонд аваачив. 39 Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон
—Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав. 40 Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн ихэд баярлан хөөрч, тэдний дуу чимээнд газар доргиж байлаа.
41 Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээн дууг сонсоод
—Ямар учраас хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв. 42 Тэрээр хэлж дуусаагүй байтал, харагтун, тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа түүнд
—Та зохист хүмүүн агаад сайхан мэдээ авчирдаг тул морилон орогтун гэв. 43 Харин Ионатан, Адониад
—Тийм биш. Манай эзэн Давид хаан, Соломоныг хаан болгосон билээ. 44 Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүдийг илгээжээ. Тэд Соломоныг хааны луусанд мордуулав. 45 Тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тосоллоо. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрчээ. Та нар тэр л дуу чимээг сонсов. 46 Хаан сэнтийд Соломон нэгэнт залран суулаа. 47 Түүнчлэн хааны зарц нар бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхаж “Бурхан, Соломоны нэрийг таны нэрээс үлэмж дээр болгож, түүний сэнтийг таны сэнтийнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээсээ мөргөж, 48 “Нүдний минь өмнө миний сэнтийд залрах нэгнийг өнөөдөр өгсөн Израилын Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.
49 Тэгтэл Адониагийн бүх зочин цочирдов. Тэд босож, өөр өөрсдийн замаар одоцгоов. 50 Адониа ч Соломоноос айж байв. Тэр босож яваад, тахилын ширээний эврээсb зуурч авлаа. 51 Соломонд
—Соломон хаанаас Адониа айж байна. Хараач, тэрээр тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлэмдэж алахгүй гэдгээ Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай” хэмээж байна гэж дуулдсанд 52 Соломон
—Хэрэв тэр зохист хүн бол түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр үхэг гэж хэлэв. 53 Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар хүн илгээлээ. Тэр ирж, Соломон хааны өмнө мөргөхөд Соломон түүнд
—Гэртээ харигтун гэв.


  • 1:5 2См 3:4
  • 1:11 2См 12:24
  • a1:25 ЭЗО: Таны цэргийн жанжин Иоаб
  • b1:50 тахилын ширээний эвэр: Эвэр шиг харагддаг дөрвөн булангийн төвгөр хэсэг. Үүнээс зуурсан хэн боловч алагдах аюулаас хэлтэрдэг байв.