Естер хатан болов
2 1 Эдгээрийн дараа Ахашверош хааны уур хилэн намдаж, улмаар Ваштийг болон түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлиг болгосноо санав. 2 Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь
—Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олъё. 3 Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, залуу онгон охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө рүү авчирч, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэлд оруулаг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй! 4 Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэй Ваштийн оронд хатан болог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр тийнхүү үйлдэв.
5 Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв. 6 Вавилоны хаан Небухаднезар нь Йерусалимаас Иудагийн хаан Иекониаг олзлох үед Киш нь хамт олзлогдож ирсэн хүн ажээ.* 7 Мордехаин авга ахын охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм. 8 Ингээд хааны зарлиг лүндэнг сонордуулж, олон залуу эмэгтэйг Суса цайзнаа аваачин Хегаид хариуцуулав. Естер ч мөн хааны өргөөнд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан Хегаин мэдэлд хүргэгджээ. 9 Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэрээр Естерийг оо энгэсэг болон хувь хишгээр нь үтэр түргэн хангаж, түүнд хааны өргөөнөөс долоон шилмэл шивэгчнийг өгөөд, түүнийг болон шивэгчингүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний хамгийн сайн газарт шилжүүллээ. 10 Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. 11 Тэгээд Естерийн сайн байгаа эсэхийг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв.
12 Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсний дараа л залуу эмэгтэй бүрийн Ахашверош хаан руу очих ээлж болж, 13 тэрээр хаан руу очдог байв. Тиймээс эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө рүү түүний авч явахыг хүссэн бүхэн түүнд өгөгддөг байлаа. 14 Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд очиж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэлд орно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.
15 Мордехаин авга ах Абихаилын охин буюу түүний өргөж авсан охин Естерийн хаан руу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олжээ. 16 Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав. 17 Хаан бүх эхнэрүүдээсээ Естерийг илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. 18 Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярынз өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.
Мордехаи хуйвалдааныг илрүүлэв
19 Тэгээд онгон охидыг хоёр дахь удаагаа цуглуулах үед хааны гулдан хаалганы дэргэд Мордехаи сууж байлаа. 20 Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин үгийг түүний асрамжид байх үеийнх шигээ л даган биелүүлж байв. 21 Мордехаиг хааны гулдан хаалганы дэргэд суудаг байх тэр үед хааны босгыг сахидаг хаалгач хоёр тайган Бигтан, Тереш нар Ахашверош хаанд өширхөн, түүний аминд хүрэхийг санаархжээ. 22 Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв. 23 Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө он цагийн хэрэг явдлын тэмдэглэл номд бичигджээ.
- 2:6 2Ха 24:10–16; 2Шс 36:10
- з2:18 эсвэл татвараас чөлөөлөх