7 1 Ингээд хаан Хаман хоёр Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв. 2 Хоёр дахь өдөр нь тэд дарс ууж байх үеэр хаан түүнд
—Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. 3 Тэгэхэд Естер хатан ийнхүү хариулав.
—Хаантан минь, хэрэв би таны нүднээ тааллыг тань олсон бөгөөд хаан таалж байгаа бол гуйлтын минь хариуд амийг минь болгоож, хүсэлтийн минь хариуд ард түмнийг минь авраач! 4 Учир нь би ч, миний ард түмэн ч, хүйс тэмтрүүлж, алж устгагдахаар худалдагдсан байна. Хэрэв бид эр, эм боолууд болж худалдагдсан бол бидний зовлон хаанд учрах хохиролтой харьцуулахаар зүйл биш тул бид чимээгүй байх байсанa гэв. 5 Тэгтэл Ахашверош хаан, Естер хатнаас
—Тэр чинь хэн бэ? Хэн ийм юм хийхээр зүрхлэв? Хаана байна? гэж асуухад 6 Естер
—Дайсан бөгөөд өстөн нь энэ муу санаат Хаман! гэв. Хаман тэгэхэд хаан, хатан хоёрын өмнө айн чичирч эхлэв.
7 Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг рүү оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амь гуйхаар үлдлээ. 8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тиймээс хаан
—Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв. 9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона
—Үзэгтүн! Хааны төлөө сайн үгийг мэдүүлсэн Мордехаид зориулан Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр Хаманы гэрийн дэргэд байна! гэхэд хаан
—Түүн дээр өөрийг нь дүүжил! гэв. 10 Ингээд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.
- a7:4 эсвэл танд төвөг удахгүй Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.