Иудейчүүдийг Естер аврав
8 1 Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв. 2 Хаманаас авсан тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер, Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.
3 Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярихдаа хааны хөлд унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв. 4 Хаан алтан очирт таягаа Естер лүү сунгасанд Естер босон хааны өмнө зогсоод 5 ийн хэлэв.
—Хэрэв хаантан болгоож, таны өмнө би тааллыг олсон бол, мөн энэ хэрэг хаанд зохистой санагдаж, би хааны мэлмийд тааламжит аваас хааны бүх аймгуудад байгаа иудачуудыг хүйс тэмтрэхээр бичсэн агаг хүн Хаманы захидал төлөвлөгөөг хүчингүй болгох зарлиг бичнэ үү! 6 Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садныхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв. 7 Тэгэхэд Естер хатан болон иудей хүн Мордехаид Ахашверош хаан ийн хэлэв.
—Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд иудейчүүдийн эсрэг Хаман гар далайсан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн. 8 Одоо та нар хааны нэр дээр иудейчүүдэд хандан хүссэнээ бичиж, хааны тамгат бөгжөөр лацад! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан зарлиг нь хүчингүй болдоггүй гэв.
9 Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд болон Энэтхэгээс Этиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод хандан аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр Мордехаин тушаасан бүгдийг бичүүлэв. 10 Тэрээр Ахашверош хааны нэр дээр захидлуудыг бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв. 11 Эдгээртээ хот бүрд буй иудейчүүд цуглан амиа хамгаалах мөн өөрсөд рүү нь довтлох аль ч ард түмэн, аймгийн дайчдыг хөнөөх, тэдний хүүхэд багачууд, эхнэрүүдийг хүйс тэмтрэн хөнөөж, олзыг тонон дээрэмдэх эрхийг 12 нэг өдөр буюу арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр Ахашверош хааны бүх аймагт даяар олгов. 13 Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, иудейчүүдийг дайснуудаасаа өшөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд тунхаглажээ. 14 Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд хааны хурдан хүлгүүдийг унаж яаравчлан гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдлаа.
15 Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав. 16 Иудейчүүдэд гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв. 17 Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүрд иудейчүүдийн баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болсон байв.