Естер иудейчүүдэд туслахыг зөвшөөрөв

4 1 Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж биедээ таар углан үнс цацаад хотын дундуур чанга дуугаар гашуунаар уйлан явжээ. 2 Гэхдээ тэрээр хааны гулдан хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны гулдан хаалгаар орж ирэх ёсгүй байв. 3 Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүрд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв.
4 Естерийн шивэгчингүүд болон тайганууд ирж түүнд хэлэхэд хатан ихэд шаналлаа. Тэгээд Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи авсангүй. 5 Естер өөрт нь үйлчлүүлэхээр хааны томилсон тайгануудаас Хатахыг дуудан ирүүлээд, түүнийг Мордехаи дээр очиж, юу болоод байгаа ба яагаад ийм юм болсныг мэдэж авахыг тушаав. 6 Хатах, Мордехаи руу, хааны гулдан хаалганы өмнөх хотын талбай руу очив. 7 Мордехаи өөрт тохиолдсон бүхнийг мөн иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт Хаманы төлөхөөр амласан мөнгөний нарийн тоог ч түүнд хэлжээ. 8 Мөн тэднийг устгах тухай Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж, мэдэгдэхийн тулд Мордехаи түүнд өгч, Естерийг хаан дээр ороод түүнээс ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг тушаав. 9 Хатах буцаж ирээд Мордехаин үгийг Естерт дамжуулжээ.
10 Тэгэхэд Естер, Мордехаид ийнхүү хариу хэлэхийг Хатахад тушаав.
11 Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орсон эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн рүү сунгавал тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны зарц нар, хааны аймгуудын ард түмэн бүгд мэднэ. Гэтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна гэв.
12 Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад 13 тэрээр Естерт хариу болгон
—Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. 14 Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ? гэж хэлүүлэв. 15 Тэгэхэд Естер, Мордехаид хариу болгож
16 Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ гэж хэлүүлжээ. 17 Ингээд Мордехаи явж, Естерийн тушаасан ёсоор үйлдэв.