Естерийн найр
5 1 Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв. 2 Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер лүү сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. 3 Тэгээд хаан түүнд
—Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгнө гэв. 4 Тэгэхэд Естер
—Хэрэв хаан таалбал, миний бэлтгэсэн найрт Хамантай цуг хүрч ирнэ үү гэв. 5 Хаан
—Хаманыг түргэн авчир, Естерийн хэлснийг хийе гэжээ. Тэгээд Естерийн бэлдсэн найрт Хамантай цуг хаан хүрч ирэв. 6 Дарс ууж байх үеэр хаан
—Чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан гүйцэлдүүлэх болно гэж Естерт хэлэв. 7 Естер хариуд нь
—Миний гуйлт ба хүсэлт гэвээс, 8 хэрэв би хааны нүдэнд тааллыг олсон бөгөөд хаан ч гуйсныг минь өгч, миний хүссэнийг хийхийг таалж байгаа бол хаан та Хамантай цуг миний бэлдэх найрт ирж болгоо! Маргааш би хааны айлдсаны дагуу үйлдье гэв.
Мордехаиг дүүжлэхээр Хаман төлөвлөв
9 Ингээд Хаман тэр өдөр баяр хөөртэй, сэтгэл өндөр гарч явлаа. Харин хааны гулдан хаалганы дэргэд Мордехаи өөрийнх нь өмнө босох ч үгүй, сүрдэн чичрэх ч үгүй байгааг хараад Хаман, Мордехаид ихэд хилэгнэв. 10 Гэсэн ч Хаман биеэ барьж, гэртээ ирээд анд нөхөд болон эхнэр Зерешээ дуудан ирүүлэв. 11 Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилснийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочин ярилаа. 12 Хаман мөн
—Тийм ээ, Естер хатан хүртэл бэлдсэн найртаа хаантай хамт надаас өөр хэнийг ч ирүүлээгүй бөгөөд маргааш ч бас намайг хааны хамт урьж дуудсан. 13 Гэвч иудей хүн Мордехаиг хааны гулдан хаалганы дэргэд суугааг харах бүрд надад энэ бүхэн дэмий санагдаж байна гэв. 14 Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөд нь түүнд
—Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай цуг найрт санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.