Мордехаиг хаан хүндэтгэв

6 1 Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр он цагийн хэрэг явдлын тэмдэглэлийг авчрахыг тушаасанд тэдгээрийг авчирч хааны өмнө уншив. 2 Ахашверош хааны аминд хүрэхийг санаархсан босгоны сахиул хоёр тайган Бигтан, Тереш нарын талаар Мордехаи хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байгааг олов.* 3 Тэгээд хаан
—Ингэснийх нь төлөө Мордехаид ямар нэр алдар, хүндэтгэл олгосон бэ? гэхэд өөрт нь үйлчилж байсан хааны зарц нар
—Түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулав.
4 Хаан
—Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман, Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа. 5 Хааны зарц нар түүнд
—Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан
—Түүнийг оруул! гэв. 6 Тэгээд Хаманыг орж ирэхэд хаан түүнд
—Хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнийхээ төлөө хаан хүн юу хийвэл болох вэ? гэхэд Хаман зүрх сэтгэлдээ “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж бодов. 7 Тэгээд Хаман хаанд хариулахдаа
—Хааны хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд зориулж 8 хааны өмсдөг дээл, хааны унадаг морийг авчраг. Тэгээд толгойд нь хааны титмийгa зүүлгэж, 9 дээл болон морийг хааны тэргүүн ноёдын нэгэнд өгөх ба тэрээр хааны хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан тэр хүнийг хувцаслаж, түүнд морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ” гэж өмнө нь тунхаглаг! гэв. 10 Тэгэхэд хаан, Хаманд
—Бушуул, өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч, хааны гулдан хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийнхүү хий! Өөрийнхөө хэлсэн бүхнээс юу ч бүү орхигдуул! гэв. 11 Ингээд Хаман дээл ба морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнд морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ гэж өмнө нь тунхаглав. 12 Тэгээд Мордехаи хааны гулдан хаалга руу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр лүүгээ яарав. 13 Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхдөдөө ярьжээ. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь
—Чиний доройтол эхэлжээ. Хэрэв Мордехаи иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө сүйрэх болно гэв.

Хаманы сүйрэл ба Мордехаин амжилт

14 Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найр луу яаран авч одов.


  • 6:2 Ест 2:21–22
  • a6:7–8 Хүндэтгэлийн титэм.