Иудейчүүдийг устгах хэргийг Хаман хариуцав

3 1 Эдгээрийн дараа агагa хүн Хаммедатагийн хүү Хаманыг Ахашверош хаан өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов. 2 Хаан түүний тухайд тийнхүү зарлигдсан тул хааны гулдан хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийдэг байлаа. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй. 3 Тэгэхэд хааны гулдан хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид
—Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв. 4 Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс Мордехаиг үгээрээ байх эсэхийг харахаар тэд түүнийг Хаманд мэдүүлжээ. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн гэж хэлсэн аж. 5 Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрч байлаа. 6 Гэвч ганц Мордехаин аминд хүрэх нь түүнд бага санагдав. Тэгээд Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд Хаманд мэдэгдсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхийг тэрээр санаархжээ.
7 Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов. 8 Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв.
—Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин биелүүлдэггүй. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. 9 Хэрэв хаан таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд би арван мянган талант мөнгийг хааны ажлыг хэрэгжүүлж буй хүмүүсийн гарт тушааж, хааны сан хөмрөгт оруулъя гэв. 10 Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. 11 Хаан, Хаманд
—Тэр мөнгийг, бас тэр ард түмнийг ч чамд өгье. Өөрийнхөө тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв. 12 Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь Ахашверош хааны нэрээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацаджээ. 13 Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлгүй бүх иудей хүнийг нэг өдрийн дотор хүйс тэмтрэн алж устгаад тэдний эд хөрөнгийг олзлон авсугай гэсэн захидлуудыг хааны бүх аймагт зарлагуудын гараар илгээв. 14 Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, тэр өдөрт бэлтгэхийг бүх ард түмэнд тунхаглав. 15 Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаалаа. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан Хаман хоёрыг дарс уухаар суух үед Суса хот үймж байлаа.


  • a3:1 агаг: Израилчуудын угийн дайсан амалекчуудын нэгэн хааны угсааны хүн.