Гэмшил эсвэл мөхөл
13 1 Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд хэлжээ. 2 Есүс тэдэнд
—Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодож байна уу? 3 Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. 4 Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найман хүн Йерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодож байна уу? 5 Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв.
Сургаалт зүйрлэл: Үр жимсгүй инжрийн мод
6 Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. 7 Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь 8 цэцэрлэгч “Эзэн минь, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. 9 Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хаячихъя” гэв.
Бөгтөр эмэгтэйг эдгээв
10 Есүс Амралтын өдөр нэгэн синагогт зааж байлаа. 11 Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. 12 Есүс түүнийг хараад, дуудаж
—Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд 13 түүн дээр мутраа тавихад тэрээр даруй цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. 14 Есүс түүнийг Амралтын өдөр эдгээсэнд нь зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж
—Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш* харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд 15 Эзэн түүнд
—Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ? 16 Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв. 17 Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.
Сургаалт зүйрлэл: Гичний үр
(Мт 13:31–32; Мк 4:30–32)
18 Тэгээд Тэр
—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? 19 Энэ нь гичний үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэжээ гэв.
Сургаалт зүйрлэл: Хөрөнгө
(Мт 13:33)
20 Тэр дахин айлдахдаа
—Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? 21 Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй, түүнийг авч гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
Хавчиг үүд
(Мт 7:13–14,21–23)
22 Тэр Йерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө рүү нь дамжин сургаалаа заасаар явлаа. 23 Хэн нэг нь Түүнээс
—Эзэн минь, цөөхөн хүн л аврагдах уу? гэж асуухад 24 Тэр
—Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ. 25 Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшиж “Эзэн минь, бидэнд онгойлгож өгөөч” гэсэн ч, Тэр та нарт “Та нарын хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. 26 Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд зааж байсан шүү дээ” гэх болно. 27 Тэрээр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл”* гэнэ. 28 Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан ба шүд хавирах нь байх болно.* 29 Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно. 30 Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно гэж айлдав.*
Йерусалимын төлөө гашуудав
(Мт 23:37–39)
31 Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд
—Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв. 32 Есүс тэдэнд
—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ. 33 Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Йерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм” гэж хэл. 34 Йерусалим аа, Йерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөр лүүгээ илгээгдсэн хүмүүсийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 35 Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар
Намайг харахгүй гэж айлджээ.*
- 13:14 Гэт 20:9–10; Дх 5:13–14
- 13:27 Дуу 6:8
- 13:28 Мт 22:13, 25:30
- 13:30 Мт 19:30, 20:16; Мк 10:31
- 13:35 Дуу 118:26; Иер 22:5