Зуутын даргын зарцыг эдгээв
(Мт 8:5–13)
7 1 Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж оров. 2 Нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. 3 Тэрээр Есүсийн тухай сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн рүү явуулав. 4 Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж
—Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. 5 Тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. 6 Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн очих үед зуутын дарга андуудаа илгээн
—Эзэн минь, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. 7 Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. 8 Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Есүст хэлүүлжээ. 9 Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олон руу эргэж хараад,
—Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израилд хүртэл олоогүй юм гэлээ. 10 Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав.
Бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулав
11 Үүний дарааа Есүс Найн хэмээх хот руу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12 Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч байв. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байлаа. 13 Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд
—Бүү уйл гэв. 14 Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс
—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд 15 үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. 16 Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж
—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ гэцгээж, бас
—Бурхан ард түмэн дээрээ ирлээ хэмээж байлаа. 17 Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
Баптисч Иоханы зарлага элч нар
(Мт 11:2–19)
18 Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. 19 Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн рүү илгээв. 20 Тэд Есүс дээр ирээд
—Баптисч Иохан биднийг Тан руу илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ. 21 Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илаарьшуулж, хараагүй олон хүнд хараа хайрлав. 22 Тэр тэдэнд
—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Хараагүй нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж,b сонсголгүй нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.* 23 Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. 24 Иоханы зарлага элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
—Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 25 Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. 26 Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 27 Түүний тухай
“Харагтун, Би түрүүнд чинь
Зарлага элчээ илгээнэ.
Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм.* 28 Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоханаас илүү хүн үгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ гэж айлдав. 29 Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ.* 30 Харин фарисайчууд болон хуульчид Иоханаас баптисм хүртээгүй агаад ингэснээрээ өөрсдөд нь хандсан Бурханы зорилгыг үл хэрэгсэв.
31 — Энэ үеийн хүмүүсийг Би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? 32 Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан
“Бид та нарт зориулж лимбэдэхэд
Та нар бүжиглэсэнгүй.
Бид гашуудлын дуу дуулахад
Та нар уйлсангүй”
гэх хүүхдүүдтэй адил юм. 33 Баптисч Иохан ирээд, талх идэхгүй, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 34 Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа, ховдог архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг. 35 Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв.
Нүгэлт эмэгтэй уучлагдав
36 Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. 37 Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,* 38 Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. 39 Есүсийг урьсан фарисай үүнийг хараад
—Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртай сан хэмээн бодсонд 40 Есүс хариуд нь
—Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон
—Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
— 41 Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. 42 Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь 43 Симон
—Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн хүн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд
—Чи зөв шүүлээ гээд, 44 тэр эмэгтэй рүү эргэж, Симонд
—Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45 Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. 46 Чи толгойг минь тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. 47 Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Тиймээс тэр ихэд хайрлажээ. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд, 48 эмэгтэйд
—Нүгэл чинь уучлагдлаа гэв. 49 Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо
—Нүглийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ. 50 Есүс тэр эмэгтэйд хандаж
—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
- a7:11 Зарим гар бичмэлд: удаах өдөр нь
- b7:22 цэвэршиж: 5:12 үз.
- 7:22 Иса 35:5–6, 61:1
- 7:27 Мал 3:1
- 7:29–30 Мт 21:32; Лк 3:12
- 7:37–38 Мт 26:7; Мк 14:3; Иох 12:3