Бэлэвсэн эмэгтэйн өргөл
(Мк 12:41–44)
21 1 Есүс харцаа дээшлүүлээд, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг 2 мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн, үгээгүй эмэгтэйг олж харав. 3 Тэрээр
—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг өглөө. 4 Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.
Сүмийн сүйрлийг зөгнөв
(Мт 24:1–2; Мк 13:1–2)
5 Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэн талаар ярьж байтал Есүс
— 6 Та нарын харж байгаа энэ бүхний хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв.
Тэмдэг ба хавчлага
(Мт 24:3–14; Мк 13:3–13)
7 Тэд Түүнээс
—Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав. 8 Тэр
—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олон хүн ирэх болно. Тэдний араас бүү дага. 9 Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү ай. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм гэв. 10 Тэгээд Тэр цааш нь тэдэнд
—Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11 хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд агуу тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. 12 Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. 13 Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14 Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө.* 15 Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16 Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ. 17 Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18 Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19 Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
Йерусалимын сүйрлийг зөгнөв
(Мт 24:15–21; Мк 13:14–19)
20 Харин Йерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. 21 Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. 22 Энэ бол өшөө авалтын өдрүүд бөгөөд бичигдсэн бүх үг биелэгдэнэ.* 23 Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24 Илдний ирэнд тэд унаж, хамаг үндэстнүүдэд олзлогдон цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Йерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.
Хүний Хүүгийн залрал
(Мт 24:29–31; Мк 13:24–27)
25 Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давлагааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.* 26 Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж, газар дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. 27 Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна.* 28 Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.
Инжрийн модноос авах сургамж
(Мт 24:32–35; Мк 13:28–31)
29 Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Инжрийн мод болон бүх моддыг хар. 30 Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. 31 Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. 32 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33 Тэнгэр газар өнгөрөн одно, гэвч Миний үгс огт үгүй болохгүй.
Сонор сэрэмжтэй байх сануулга
34 Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. 35 Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36 Харин болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байж, Хүний Хүүгийн өмнө зогсохын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.
37 Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв.* 38 Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа.
- 21:14–15 Лк 12:11–12
- 21:22 Хос 9:7
- 21:25 Иса 13:10; Езк 32:7; Иое 2:31; Илч 6:12–13
- 21:27 Дан 7:13; Илч 1:7
- 21:37 Лк 19:47