Есүсийн анхны шавь нар
(Мт 4:18–22; Мк 1:16–20)

5 1 Түүнийг Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байх үед Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчиж байлаа.* 2 Тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг Есүс харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. 3 Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. 4 Тэрээр айлдаж дуусаад, Симонд
—Усны гүн рүү нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд 5 Симон
—Эзэнтэн минь, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв.* 6 Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь урагдаж эхлэв.* 7 Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохилоо. Тэд ирж хоёр завийг дүүргэхэд завь живэх шахав. 8 Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад
—Эзэн минь, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. 9 Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. 10 Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд
—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. 11 Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.

Уямангаас цэвэршүүлэв
(Мт 8:1–4; Мк 1:40–45)

12 Есүсийг нэгэн хотод байх үед нь, харагтун, нэл уяман болсон нэг эр Түүнийг хараад нүүрээрээ унаж
—Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгожа чадна шүү дээ гэж гуйлаа. 13 Тэр гараа сунган түүнд хүрч
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. 14 Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад,
—Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон, цэвэр болсныхоо төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.* 15 Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. 16 Харин Тэрээр эзгүй зэлүүд газар дайжин явж залбирдаг байлаа.

Саа өвчтөнийг эдгээв
(Мт 9:1–8; Мк 2:1–12)

17 Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь Йерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар ба фарисайчууд тэнд сууж байжээ. Эдгээх Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. 18 Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч 19 хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. 20 Тэдний итгэлийг харсан Есүс
—Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд 21 хуулийн багш нар болон фарисайчууд
—Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгоов. 22 Есүс тэдний бодлыг мэдээд
—Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? 23 “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 24 Харин Хүний Хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд
—Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. 25 Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. 26 Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж
—Бид өнөөдөр мөн ч гайхалтай юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа.

Левийг дуудав
(Мт 9:9–13; Мк 2:13–17)

27 Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад,
—Намайг дага гэж түүнд хэлэхэд 28 тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. 29 Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд татвар хураагчид олноороо бас өөр олон хүний хамт тэдэнтэй ширээнд тухлан сууж байжээ. 30 Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйцэн
—Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд* 31 Есүс тэдэнд
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. 32 Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

Мацгийн тухай асуулт
(Мт 9:14–17; Мк 2:18–22)

33 Тэд Түүнд
—Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбирлаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд 34 Есүс тэдэнд
—Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? 35 Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. 36 Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр
—Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. 37 Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. 38 Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. 39 Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.


  • 5:1–3 Мт 13:1–2; Мк 3:9–10, 4:1
  • 5:5 Иох 21:3
  • 5:6 Иох 21:6
  • а5:12 цэвэр болгох: Энэ өвчин хүнийг бузарладаг гэж үздэг байснаас ингэж хэлжээ.
  • 5:14 Лев 14:1–32
  • 5:30 Лк 15:1–2