Есүсийн зарим үгс
(Мт 18:6–7,21–22; Мк 9:42)
17 1 Тэр шавь нартаа
—Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй. Харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! 2 Түүний хувьд энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. 3 Та нар өөрсдийгөө анхаар! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил.* 4 Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв.
5 Элч нар Эзэнд
—Итгэлийг маань өсгөж өгөөч гэхэд 6 Эзэн
—Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.
7 Та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юм уу, малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? 8 Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? 9 Тушаасныг нь гүйцэтгэсний төлөө боолоо илүүгээр таалдаггүй биз дээ? 10 Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.
Уяман өвчтэй арван хүнийг эдгээв
11 Есүсийг Йерусалим явах замд ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. 12 Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. Тэд зайдуу зогсож, 13 чанга дуугаар
—Есүс Эзэнтэн минь, биднийг өршөөгөөч! гэв. 14 Есүс тэднийг хармагцаа,
—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл* гэжээ. Тэд явах зуураа цэвэр болсон байлаа.a 15 Тэдний нэг нь өөрийнхөө эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, 16 Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ. 17 Есүс
—Арван хүн эдгээлгэсэн биш үү? Бусад ес нь хаана байна? 18 Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юү? гээд, 19 Тэр түүнд
—Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
Бурханы хаанчлал айсуй
(Мт 24:23–28,37–41)
20 Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа
—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. 21 Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юм уу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дундb байна гэв. 22 Тэр шавь нартаа
—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. 23 Тэд та нарт “Хараач тэнд байна”, “Хараач энд байна” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйлд. 24 Аянга тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Өөрийн өдөртөө тийм байх болно. 25 Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. 26 Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийм байх болно.* 27 Ноаг хөвөгч онгоцонд орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөсөн.* 28 Түүнчлэн Лотын өдрүүдэд ямар байсанчлан мөн тийм байна. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.* 29 Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөсөн. 30 Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. 31 Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг.* 32 Лотын эхнэрийг санагтун.* 33 Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална.* 34 Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 35 Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 36 [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ]c гэв. 37 Тэд Түүнд
—Хаана вэ, Эзэн минь? гэхэд Тэр
—Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.
- 17:3 Мт 18:15
- 17:14 Лев 14:1–32
- a17:14 цэвэр болох: 5:12 тайлбар үз.
- b17:21 эсвэл дотор
- 17:26 Эх 6:5–8
- 17:27 Эх 7:6–24
- 17:28–29 Эх 18:20—19:25
- 17:31 Мт 24:17–18; Мк 13:15–16
- 17:32 Эх 19:26
- 17:33 Мт 10:39, 16:25; Мк 8:35; Лк 9:24; Иох 12:25
- c17:36 Зарим гар бичмэлд хаалт дахь энэ эшлэл байхгүй. (Мт 24:40 үз.)