Есүс мэндэллээ
(Мт 1:18–25)

2 1 Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. 2 Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа. 3 Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот руу явцгаав. 4 Иосеф, Давидын удмын хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот руу, 5 жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав. 6 Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, 7 тэр ууган хүүгээ төрүүлээд, Түүнийг даавуунд ороож, тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хонуулах өрөө байсангүй.

Хоньчид ба тэнгэрэлч нар

8 Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байв. 9 Гэнэт Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. 10 Тэнгэрэлч тэдэнд
—Бүү ай, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. 11 Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. 12 Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. 13 Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчида үзэгдэж, Бурханыг магтан
14 Дээр өндөрт алдар нь
Бурханд байх болтугай,
Доор газарт амар тайван нь
Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай
гэцгээв.
15 Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөдөө одсонд хоньчид бие биедээ
—Одоо Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл хэрхэн биелснийг үзэцгээе гэлээ. 16 Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. 17 Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. 18 Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. 19 Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. 20 Өөрсдөд нь хэлсэн ёсоор байсан тул хоньчид сонссон, үзсэн бүхнийхээ төлөө Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.

Есүст нэр өгөв

21 Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ.*
Есүсийг сүмд аваачив
22 Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Йерусалимд авчрав.* 23 “Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно”* гэж Эзэний хуульд бичигдсэн байдаг бөгөөд 24 Эзэний хуульд “Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг” гэсний дагуу тэд тахил өргөхөөр очжээ.
25 Үзэгтүн, Йерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилын тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. 26 Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. 27 Тэрээр Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед 28 Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
29 Эзэнтэн, Та үгийнхээ дагуу
Зарц намайгаа амар тайван явуултугай.
30 Учир нь нүд минь Таны авралыг харлаа.
31 Та үүнийг бүх ард олны өмнө бэлджээ
32 Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл,*
Таны ард түмэн Израилын алдар нь болой
гэжээ. 33 Түүний тухай хэлсэн энэ үгэнд эцэг эх нь ихэд гайхаж байлаа. 34 Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
—Харагтун, энэ Хүүхэд Израилд олныг унагах ба босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. 35 Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв.
36 Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч өндөр настай эш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад 37 дараа нь наян дөрвөн нас хүртлээо бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй. 38 Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Йерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай ярив.

Назар луу буцав

39 Тэд Эзэний хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил руу, Назар хот руугаа буцжээ.* 40 Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм.

Есүс хүү сүмд

41 Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар* Йерусалим явдаг байв. 42 Түүнийг арван хоёр настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. 43 Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Йерусалимд үлджээ. Эцэг эх нь үүнийг анзаарсангүй. 44 Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр явсан бөгөөд төрөл садан, танилуудынхаа дунд Түүнийг хайгаад 45 олсонгүй. Тэгээд тэд Есүсийг хайн Йерусалимд буцаж ирэв. 46 Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. 47 Түүнийг сонссон бүхэн ухаан болон хариултыг нь гайхаж байлаа. 48 Харин эцэг эх нь Түүнийг хараад гайхав. Эх нь Түүнд
—Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун, эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд 49 Тэр
—Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв. 50 Хэлсэн үгийг нь тэд ойлгосонгүй. 51 Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. 52 Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн тааллыг олжээ.*


  • а2:13 эсвэл түг түмд
  • 2:21 Лев 12:3; Лк 1:31
  • 2:22–24 Лев 12:6–8
  • 2:23 Гэт 13:2,12,15
  • 2:32 Иса 42:6, 49:6, 52:10
  • о2:37 эсвэл одоо 84 настай эсвэл бэлэвсрээд 84 жил болсон
  • 2:39 Мт 2:23
  • 2:41 Гэт 12:1–27; Дх 16:1–8
  • 2:52 1См 2:26; Сур 3:4