2 1 Би Шароны нэгэн сарнай
Бэл хөндийн сараана юм.
2 Махирсын дунд сараана цэцэг ямар билээ.
Миний амраг эмс охидын дунд тийм ажээ.
3 Ой модон дунд алимын мод хэр билээ.
Олон хөвгүүн дунд хайрт минь чи тийм билээ
Сүүдэр дор нь би суумаар таатай
Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.
4 Дарст цэнгэлийн өргөөнөө дагуулав тэр, намайгаа
Дарцаг болсон хайраараа дарав бас, намайгаа
5 Үзмээр намайг сэрээгээч,
Алимаар намайгаа сэргээгээч.
Үгүй бол би дурлалдаа амь тавих нь
6 Зүүн гараа тэр толгой дор минь ивээд л
Зөв гар нь намайг тэврэнхэн илбээд л.
7 Йерусалимын охид оо,
Талын гөрөөс, марал бугаар андгайлъя.
Тааламжтай болох хүртэл нь
Та нар хайрыг бүү өд, бүү сэрээ.
Хаврын уран аялгуу
8 Хайртын минь чимээ!
Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж,
Толгод тойрон сүлжсээр ирлээ.
9 Хайрт минь яг л
Хангал буга, гөрөөс мэт авай
Хараач, хананы маань цаана тэр зогсоод,
Цонхоор минь ширтэж
Сараалжаар нь шагалзан байнам.
10 Хайрт минь надад хандаж өгүүллээ.
“Сэрж босооч, амраг минь
Үзэсгэлэнт минь гарч ирээч.
11 Өвөл нэгтээ өнгөрчээ,
Бороо ч болиод татарчээ.
12 Дэлхийд цэцэгс дэлгэрээд
Жиргээн дуулиан жигдрээд
Хүүрзгэнийн дуу нутагт маань дуулдаад
13 Инжир мод жимслээд,
Усан үзэм цэцэглээд
Сэнгэнэм үнэр анхилж байна
Сэрж босооч, үзэсгэлэнт амраг минь.
14 Ангал цохионы үе нөмөрдөн суугаа миний тагтаахан
Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул
Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч.
15 Цэцэглэж байгаа усан үзмийн минь
Цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг,
Өчүүхэн тэр үнэгнүүдийг өөрт минь бариад өгөөч!”
16 Сараануудын дунд сүргээ бэлчээдэг,
Хайрт минь минийх харин би түүнийх.
17 Үдшийн сэрүүн орж,
Сүүдэр үргэх хүртэл
Жалгат уулс дээрээ миний хайрт
Залуу буга, гөрөөс адил эргээрэй.