6 1 Бүсгүйчүүдийн дундах бүр сайхан минь!
Янаг хайрт чинь хаашаа одоо вэ?
Ямар замаар яваа вэ?
Явж хамтдаа эрэх үү?

2 Үнэн хайрт минь цэцэрлэг рүүгээ
Үнэрт цэцэгсийн мандал руугаа
Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж
Цэцэгс сарааныг түүхээр орсон
3 Би хайртынхаа билээ
Хайрт минь минийх билээ
Сараана цэцгийн дунд сүргээ тэр бэлчээнэм.

Сүйт бүсгүйн хосгүй үзэсгэлэн

4 Амраг минь чи Тирзатай адилхан жавхаатай
Йерусалим шиг дур булаам
Тугт цэрэг мэт тун ч сүрдмээр
5 Надаас харцаа холдуулаач
Намайг тэр чинь балмагдуулж байна
Гилеадаас уруудах ямаан сүргийг
Үс чинь эрхгүй санагдуулж байна
6 Хяргуулаад сая угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эд бүгд ихэрлэсэн гэлтэй
Эднээс нэг нь ч хургаа хаяагүй мэт
7 Хацар шанаа чинь гивлүүр цаанаас
Хувааж тавьсан анар жимс мэт
8 Жарын жаран хатан, наян татвар эм
Үй олон шивэгчин охид байгаа ч
9 Тагтаахан, өөгүйхэн минь ганц билээ
Төрсөн эхийнхээ энхрий үр,
Цэвэр ариун охин билээ
Түүнийг хараад шивэгчингүүд жаргалтай хэмээнэ
Татвар эмс, хатад түүнд тал өгөн магтана.
10 Үүрийн туяа шиг үзэгдэх
Саран адил тунгалаг наран мэт өнгөлөг
Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан тэр хэн бэ?

11 Хөндийн ногоо дэлгэрч
Усан үзэм цэцэглэж
Анарын мод нахиалсныг үзэхээр
Самрын цэцэрлэг рүү би явлаа.
12 Сэтгэл бодол минь намайг
Сэхээ өгөлгүй хөтөлж
Сэнтийтний тэргэнд суулгачихлаа.

13 Буцаад ир, Шулаамын охин минь, буцаад ир.
Буцаад ир, бид чамайг харъя, буцаад ир.

Хуарангуудын дундах бүжиг наадам үзэх мэт
Шулаамын охиныг та нар юунд ширтэнэ вэ?