Магтаалын илэрхийлэл

7 1 Язгууртны охин чиний минь хөл
Ямархан үзэсгэлэнтэй вэ, шаахай дотроо.
Ташаан тойрог чинь уран гараар
Дархалж зассан эрдэнэс адил.
2 Холимог дарсаар бялхах хундага мэт хүйстэй
Сараана цэцгээр хөвөөлсөн буудайн овоолго мэт хэвлийтэй
3 Хоёр хөх чинь гөрөөсний ихэр янзага
4 Хүзүү чинь болбоос зааны ясан цамхаг
Хоёр нүд чинь гэвэл Бат-Раббимын хаалганы Хешбоны цөөрөм мэт
Хамар чинь Дамаскийн дээгүүр харагдан буй Ливаны цамхаг мэт
5 Тэргүүн юу чинь чиний дээр титэмлэх Кармел уул мэт
Долгионтох туг үс чинь нил ягаан туяан мэт
Гол шиг үс чинь хааныг ч гогодож чадна.

6 Юутай үзэмжит агаад дур булаам бэ?
Хайрт чи минь юутай үзэсгэлэнтэй вэ?
7 Бие чинь далдуу мод
Хөх чинь түүний хонгорцог мэт
8 “Тэр далдуунд би авиръя
Тэгээд мөчрөөс нь барья” хэмээв.
Аяа тэгтэл хөх чинь үзмийн хонгорцог шиг ажээ
Амьсгал юу чинь бас алим мэт анхилна.

9 Үнсэлт чинь шилмэл дарс мэт сайхан
Уруул шүдээр минь урсаж намайг бүрхэнэ
10 Би хайртынхаа билээ
Хүсэл нь над дээр билээ
11 Хүрээд ир хайрт минь хөдөө тийш одоцгооё
Өнөө шөнийг тосгонд үдэцгээе.
12 Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё
Усан үзэм дэлгэрч үү, яаж уу?
Ургах нахиа нь дэлгэж үү, үгүй юү?
Анарын цэцэг дэлбээлж үү, үгүй юү, үзье!
Амраглал юугаа тэнд чамдаа өгье.
13 Анхил үнэрийг хүндэс түгээж
Алаглах жимс үүд хаалган дээр унжина
Аливаа жимсийг шинэ хуучнаар нь
Амраг хайрт чамдаа би хадгалж байна.