Хайрын зүүд
3 1 Амин голын хайртыгаа шөнөд би орондоо хайна.
Хайлаа гээд түүнийгээ харин би эс олно.
Хашхирч түүнийг дуудаад ч
Хариуг тэр эс өгнөм.
2 “Одоо би босож, орон хотоор явъя,
Гудамж, талбайгаар хөндлөн гулд явж
Голын хайртаа горилж бэдэрье” гээд
Хайсан боловч би түүнийгээ харин эс олов.
3 Харуулынхан хот эргэж яваад намайг олов.
“Халуун голын хайртыг минь хараагүй биз?” гэлээ
4 Амжиж тэднээс салангуут
Амин хайртыгаа би олов.
Ээж минь намайг хэвлийдээ олж тээсэн
Энэ өрөөнд ортлоо эс тавьж явуулав.
5 Йерусалимын охид оо,
Талын гөрөөс, марал бугаар андгайлъя.
Тааламжтай болох хүртэл нь
Та нар хайрыг бүү өд, бүү сэрээ.
Сүйт залуугийнхан айсуй
6 Утаан багана гэлтэй утлага мирр тэргүүтэй
Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан
Эзгүй цөлөөс ирж яваа энэ ер нь юу вэ?
7 Энэ бол Соломоны нүүдлийн тэрэг, харагтун
Израилын хүчирхэг эрсээс жаран хүчирхэг эр
Эргэн тойронд нь явна.
8 Тулаанд мэргэшсэн тэд бүгдээр илд агсжээ.
Ташаандаа бүгд илдтэй, шөнийн аюулаас хамгаалжээ.
9 Соломон хаан өөртөө
Ливаны модоор жууз хийлгэжээ.
10 Гар дамнуургыг нь мөнгөөр
Ар түшлэгийг нь алтаар
Дор суудлыг нь нил ягаан бөсөөр хийж,
Доторлохдоо Йерусалимын охид хичээжээ.
11 Сионы охид оо, гарцгаа.
Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь
Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй
Соломон хааныг харцгаа.