5 1 Миний бие цэцэрлэгтээ ирэв, дүүдэй минь, сүйт бүсгүй минь
Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав
Балаа би сархинагтай нь идэв
Бас дарсаа сүүтэй нь уув.
Идэцгээ, нөхөд минь,
Ууцгаа, хайртууд минь!
Өөр нэгэн зүүд
2 Зүүрмэглэж байсан ч зүрх минь сэрүүн байв.
Хайрт минь хаалга тогших нь сонсогдлоо.
“Амраг дүүдэй, тагтаахан, өөгүйхэн минь!
Үүдээ надад нээгээч
Шүүдрийн дусалд толгой минь
Шөнийн чийгэнд үс минь норжээ” гэв.
3 Дан дээлээ тайлчихсан, дахиж яаж өмсөх билээ?
Хөлөө угаачихсан, хиртүүлж яахан болох билээ?
4 Хатавчны зайгаар хайрт минь гараа зангалаа
Харин миний сэтгэл түүнийг хүсээд цангалаа.
5 Амраг хайртдаа үүдээ нээхээр өндийв
Алга гар минь миррээр дуслав
Миний хуруунууд түгжээний бариулыг
Миррийн шингэнээр норгож байв.
6 Хайртдаа би онгойлгоод өглөө
Харин хайрт минь эргээд явчихсан байв
Амин гол минь түүн рүү тэмүүлж
Түүнийгээ би хайлаа, гэвч олсонгүй
Түүнийгээ би дуудлаа, тэр хариу хэлсэнгүй.
7 Хот эргэх харуулууд намайг олов
Тэд намайг зодож шарх болгов.
Хэрмийн тэр харуулууд тэгээд
Хэвнэг юуг минь хуу татав.
8 Йерусалимын охид оо, та нараас гуйя,
Хайртыг минь хэрэв олбол
Хайрандаа шаналж буйг минь хэлээрэй.
Сүйт бүсгүй ба нөхдийн дуун
9 Бусад янагаас хайртын чинь
Бузгай сайхан нь юу юм бэ?
Бүсгүйчүүлийн дундах бүр сайхан минь ээ!
Бусад янагаас хайртын чинь
Бузгай сайхан нь юу болоод
Биднийг ингэж гуйна вэ?
10 Учралт хайрт минь улаа бутраад гялбам
Түмэн эрийн дунд түрүү манлай болмоор
11 Тэргүүн нь гэвэл шижир алтан
Туг үс нь буржгархан хэрээ мэт хархан
12 Хоёр нүд нь гэвээс сүүнд угаасан хос тагтаа
Цөөрөмд тольдон суугаа мэт
13 Хацар юуг нь хэлбэл
Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол
Уруул ам нь миррийг ханхлуулах сараана мэт
14 Мутар нь молор шигтгэмэлтэй алтан саваа
Бие нь индранилаар хөвөөлсөн зааны ясан сийлбэр
15 Хөл шилбэ нь алтан суурьтай гөлтгөнө тулгуур
Дүр байдал нь Ливан адил
Түүний алдарт хуштай ижил
16 Хэл яриа нь хэтэрхий амтлаг
Хамаг бие нь хайрыг булаам
Энхрий хайрт амраг минь ийм билээ
Йерусалимын охид минь дээ!