Сүйт бүсгүйн гоо үзэсгэлэн

4 1 Амраг минь чи юутай сайхан
Аяа бүр дэндүү сайхан
Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй
Гилеад уулаас энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй
2 Хяргуулаад сая угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эд бүгд ихэрлэсэн гэлтэй
Эднээс нэг нь ч хургаа хаяагүй мэт
3 Уруул чинь зүйрлэвээс улаахан тасам
Ам чинь дур булаам
Хацар шанаа чинь гивлүүр цаанаас
Хувааж тавьсан анар жимс мэт
4 Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг
Мянган бамбайгаар чимэглэсэн Давидын цамхаг мэт
5 Хоёр хөх чинь сараана дунд идэшлэх гөрөөсний ихэр янзага мэт
6 Өдрийн амьсгааг сэргэтэл
Үнэгэн харанхуйг үргэтэл
Миррийн уулс, гүглийн толгод тийш
Миний бие тэмүүлэн одном
7 Өвч биеэрээ миний амраг үзэсгэлэнтэй
Өө сэв чамд минь ер үгүй
8 Сүйт бүсгүй минь, надтай Ливанаас яваач.
Хамтдаа хоёул Ливанаас одож,
Аманагийн оргилоос,
Сенир, Хермоны оройгоос,
Арслангийн үүр, ирвэсийн уулаас
Аядуухан аялж бууж ирье.

9 Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь
Зүрх юуг минь чи догдлуулав.
Халтихан ганц харцаараа
Зүүлт ганцхан сондроороо
Зүрх юуг минь чи догдлуулав.
10 Хонгор дүүдэй, сүйт бүсгүй, хайрт минь
Халуун янаглал чинь юутай амттай
Халуун янаглал чинь дарснаас илүү
Ханхлах тос чинь алив үнэртнээс илүү
11 Сүйт бүсгүй минь, уруул чинь бал дуслуулна.
Сүү бал хоёр хэл дор чинь байх юм.
Хувцасны чинь үнэр Ливан мэт анхилна.
12 Хаалттай цэцэрлэг мэт сүйт бүсгүй, дүүдэй минь чи
Хаалттай булаг, лацадсан худаг мэт
13 Биеa чинь анарын цэцэрлэг мэт
Шилдгийн шилдэг жимстэй
Хенна ба задь сэнгэнүүлсэн
14 Задь хийгээд суман цэцэг, годоль ба шанц
Гүглийн бүхий л модод
Мирр болон зуун наст бүхий
Шилдэг сайхан үнэртнүүдтэй
15 Цэцэрлэгийн булаг, цэвэр усны худаг
Ливанаас ундрах горхи мэт билээ.

16 Умрын салхи аа, босоорой,
Өмнийн салхи аа, ирээрэй.
Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн
Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай.

Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй
Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.


  • a4:13 бие: Энэ үгийн утга тодорхойгүй.