8 1 Ээ дээ, чи минь ахтай минь адил
Ижийн минь мөөмийг хөхсөн ч болоосой!
Ил гадаа таарлаа ч чамайг би үнсэхсэн
Ингэлээ гэхэд хэн ч намайг эс жигшинэ
2 Чамайг би дагуулж ижийнхээ гэрт аваачихсан
Намайг төрүүлсэн нэгний өргөө гэрт оруулахсан.
Анхилуухан дарсыг бас анарынхаа шүүсийг уулгахсан
3 Зүүн гараа тэр толгой дор минь ивээд л
Зөв гар нь намайг тэврэнхэн илбээд л.
4 Йерусалимын охид оо,
Тааламжтай болох хүртэл нь
Та нар хайрыг бүү өд, бүү сэрээ.
Гэртээ ирэхүй
5 Эзгүй хээрээс хайртаа түшсээр
Ирж яваа тэр хэн бэ?
Эх чинь чамайг төрүүлэхээр дуншиж суусан
Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү
Энд ижий чинь чамайг төрүүлсэн бус уу?
6 Тамга болгож зүрхэндээ намайг тавиач
Гар дахь бөгжөө болгооч.
Учир нь хайр үхэл шиг хүчтэй
Тачаал гэдэг Үхэгсдийн орон мэт хэцүү
Түүний дөл түймрийн дөл
Дүрсхийн асах галын дөл
7 Их ус ч хайрыг унтрааж эс дийлнэ
Үер усан ч үүнийг живүүлж үл чадна
Хамаг хөрөнгөө өгөөд хайрыг авъя гэвч
Харин оронд нь басамжлуулах нь гарцаагүй.
8 Өртөж үзэгдэх хөхгүй өчүүхэн дүү бидэнд бий
Түүнийхээ талаар ярилцах өдөр ирэхэд
Дүүгийнхээ төлөө бид яавал зохилтой вэ?
9 Хана байсан бол дээгүүр нь мөнгөн цайз барихсан
Хаалга юмсан бол түүнийгээ хушин банзаар бүрэхсэн.
10 Амар тайвныг авагч нэгний
Алаг хоёр нүдэнд нь би
Хана хэрэм мэт байлаа,
Харин хөх минь цамхаг мэт билээ.
11 Соломон Баал-Хамонд усан үзмийн цэцэрлэгтэй аж.
Жимсний ашиг мянга мянган мөнгийг өгдөг.
Тариаланч нарт тэр цэцэрлэгийг даатгажээ.
12 Өөрийн минь үзмийн цэцэрлэг өмнө минь байна.
Өө яах вэ, Соломон танд мянган шекел нь очиг.
Үр жимсний тариаланч нарт хоёр зуу нь өгөгдөг.
13 Цэцэрлэгт суугч минь, дуу хоолойг чинь найзууд минь сонсоно.
Дуу юугаа чи дуулгаж надад сонсгооч.
14 Хайрт минь чи яарч үзээрэй
Анхил үнэртний уулс дээрх
Танхил буга, гөрөөс мэт байгаарай!