Паул үйлчлэлээ хамгаалсан нь
10 1 Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлээцтэй зангаар та нарыг ятгаж байна. 2 Биднийг махбодынхоо дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүү хөдөлгөөрэй гэж та нараас хүсье. 3 Учир нь бид махбодод алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. 4 Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, 5 Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христэд дуулгавартай болгохоор олзолдог. 6 Та нарыг бүрэн дуулгавартай болох цагт бид аливаа дуулгаваргүй явдлыг шийтгэхэд бэлэн байх болно.
7 Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн нь өөрийгөө Христийнх гэдэгт итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. 8 Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй. 9 Би та нарыг захидлуудаараа айлгах гэсэн юм биш ээ. 10 Учир нь тэд “Түүний захидлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеэрээ бол дорой бөгөөд үг яриа нь ч үл хайхрам” гэж ярьцгаадаг. 11 Тийн бодогч нь биднийг хол байхдаа захидалдаа хүүрнэдэг шигээ хамт байхдаа ч тийм юм гэдгийг ойлгог.
12 Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүйнх аж. 13 Харин бид хэмжээгүйгээр сайрхахгүй агаад та нарт хүрэхийн тулд Бурханы бидэнд ногдуулсан жишиг хэмжээнд л сайрхана. 14 Та нарт хүрэхдээ бид өөрсдийнхөө хязгаарыг давсан юм биш. Түүнчлэн та нар дээр Христийн сайнмэдээтэй ирсэн нь бид билээ. 15 Бид хэрээс хэтэрч, бусдын зүтгэлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь өсөх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань жишиг өргөсөж, 16 та нараас цаашаа ч сайнмэдээ тунхаглагдах явдал юм. Ингэхдээ бусдын жишгээр хийчихсэн юмаар бид сайрхахгүй. 17 “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг.”* 18 Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.
- 10:17 Иер 9:24