Шинэ гэрээний үйлчлэгчид
3 1 Бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх эсвэл та нараас авах итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юү? 2 Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн захиа маань шүү дээ. 3 Та нар бидний үйлчлэлээр бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.*
4 Христээр дамжин Бурханд хандах ийм итгэл бидэнд бий. 5 Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй агаад бидний чадвар Бурханаас юм. 6 Тэр биднийг Шинэ гэрээний үйлчлэгчид, үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж.*
7 Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилын хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол* 8 Сүнсний үйлчлэл нь бүр ч алдартай байх бус уу? 9 Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор илүү их бялхсан байна. 10 Тиймээс урьд нь алдартай байсан зүйл давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ. 11 Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх нь илүү их алдартай юм.
12 Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтой байдаг. 13 Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилын хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.* 14 Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Энэ өдрийг хүртэл тэд Хуучин гэрээг унших үед өнөөх бүтээлэг авагдалгүй үлддэг аж. Тэр нь Христ дотор л арилдаг байна. 15 Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. 16 Гэвч хүн Эзэнд хандаж эргэх үед бүтээлэг авагддаг. 17 Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. 18 Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Сүнс болох Эзэнээр алдраас алдарт өөрчлөгддөг.
- 3:3 Гэт 24:12; Иер 31:33; Езк 11:19, 36:26
- 3:6 Иер 31:31
- 3:7 Гэт 34:29
- 3:13 Гэт 34:33