Шавар саван дахь эрдэнэ
4 1 Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2 Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будилуулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог. 3 Тэгсэн ч бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. 4 Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. 5 Харин бид өөрсдийгөө тунхагладаггүй бөгөөд Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. 6 Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.*
7 Давамгай хүч нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг. 8 Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, 9 хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй. 10 Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэснээр Есүсийн амь бидний биед илэрхийлэгдэх болно. 11 Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэснээр Есүсийн амь үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. 12 Тийм учраас үхэл бидний дотор ажиллаж, амь нь та нарын дотор ажилладаг. 13 “Би итгэсэн, тиймээс би ярьсан”* гэж бичигдсэн шиг бид итгэлийн адил сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг. 14 Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт өмнөө аваачна гэдгийг бид мэддэг. 15 Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм.
Итгэлээр амьдрах
16 Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. 17 Учир нь агшин зуурын ялихгүй зовлон нь алдрын мөнхийн жинг бидэнд үлэмж арвижуулж байна. 18 Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнхийнх билээ.
- 4:6 Эх 1:3
- 4:13 Дуу 116:10 (LXX)