Дахин анхааруулга
13 1 Би гурав дахь удаагаа та нар дээр очих гэж байна. Хоёр юм уу, гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг.* 2 Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо би урьдчилан сануулж хэлсэн. Урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь эдүгээ би урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй. 3 Та нар миний дотор Христ ярьдаг эсэх нотолгоог эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм. 4 Учир нь Тэр мөхөсдлөөс болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч, та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.
5 Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа унадаггүй л юм бол! 6 Харин бид шалгалтдаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би найдаж байна. 7 Гэвч та нарыг бурууг бүү үйлдээсэй, ингэхдээ бидэнд үнэлэгдэхийн тулд бус, харин магадгүй бид ч адил чадаагүй тэр зөв зүйлсийг та нар үйлдээсэй хэмээн Бурханд бид залбирдаг юм. 8 Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө бол чадна. 9 Бид мөхөс, та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг төгс болоосой гэж бид залбирдаг. 10 Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний өгсөн эрх мэдлийнхээ дагуу ширүүн дориун хандахгүй байх гэснийх юм.
Төгсгөлийн мэндчилгээ ба залбирал
11 Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ.a Ятгалгыгb ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. 12 Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. 13 Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна.
14 Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.
- 13:1 Дх 17:6, 19:15
- a13:11 эсвэл сэргэцгээ эсвэл өөрсдийгөө төгөлдөржүүл
- b13:11 эсвэл нэг нэгнээ тайтгаруул