Йерусалим дахь итгэгчдэд зориулсан хуримтлал

9 1 Ариун хүмүүст зориулах үйлчлэлийн тухай та нарт бичих нь надад илүүц юм. 2 Учир нь би та нарын чин сэтгэлийг мэдэх ба македончуудад “Ахай ноднингоос бэлтгэгдсэн” хэмээн та нараар сайрхсан бөгөөд тэдний олонх та нарын зүтгэлд урамшсан билээ. 3 Та нарын талаарх сайрхал маань хоосон биш байгаасай гэж ах дүүсийг би илгээлээ. Харин та нар хэлснээр минь бэлэн байгаарай. 4 Нөгөөтээгүүр хэрэв надтай хамт очих зарим македончууд та нарын бэлэн бус байгааг олж харвал, та нарыг хэлэлтгүй, итгэлтэй сайрхалдаа бид ч ичих болно. 5 Тиймд та нарын хэдийн амласан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урьдаас цэгцлүүлэхийн тулд ах дүүсийг түрүүлж явуулах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын бус, харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм.
6 Тэгэхлээр ийм байна. Хармыг таригч нь хармыг хураана. Өгөөмрөөр таригч нь өгөөмрөөр хураана. 7 Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус сэтгэлдээ шийдсэнээрээ өгөгтүн. Учир нь баяртайгаар өгөгчийг Бурхан хайрладаг. 8 Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Тиймээс та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. 9 Энэ нь
“Тэр тараасан, ядууст өгсөн.
Түүний зөвт байдал мөнхөд байна”
гэж бичигдсэнчлэн байх юм.* 10 Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ.* 11 Та нар их өгөөмөр байдлынхаа төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог. 12 Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх талархлыг арвинаар бялхаадаг. 13 Та нар Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байж, тэдэнд болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцан Бурханыг алдаршуулсан учраас энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Бурханыг алдаршуулж, 14 Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар луу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм. 15 Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.


  • 9:9 Дуу 112:9
  • 9:10 Иса 55:10