7 1 Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүхий л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.
Паулын баяр хөөр
2 Бидэнд зориулж зүрхэндээ өрөө гарга. Бид хэнд ч зүй бус хандаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй. 3 Та нарыг зэмлэх гэж би үүнийг хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьдрахын тулд та нар зүрхэнд маань байдаг гэж би урьд нь хэлсэн. 4 Та нарын өмнө би асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх сайрхал минь үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонд би баяр хөөрөөр бялхаж байна.
5 Бид Македонд очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.* 6 Гэвч Тит ирснээр урам хугарагсдыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав. 7 Зөвхөн түүний ирснээр ч бус мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар бид тайвширсан юм. Миний төлөөх та нарын мөрөөдөл, уй гашуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр илүү баярласан юм. 8 Би та нарыг захидлаараа гашуудуулсан аваас үүндээ эс харамсана. Гэвч тэрхүү захидлаар та нарыг би түр зуурхан гашуудуулсандаа харамсаж байсан юм. 9 Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ. 10 Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэх гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. 11 Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их хичээл зүтгэлийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйл дээр цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа. 12 Гэхдээ би бурууг үйлдэгчийн төлөө бус, буруугаас болж зовсон хүний ч төлөө бус, харин бидний төлөө та нар Бурханы өмнө хэчнээн хичээн зүтгэж байгааг өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд бичсэн. 13 Тиймээс бид тайвширсан.
Тайвшралын маань зэрэгцээ Титийн баяр хөөрт бид бүр ч их баярласан. Учир нь та бүгдээс болж түүний сэтгэлa сэргэсэн байв. 14 Би та нарыг Титэд ямар нэгэн байдлаар магтсандаа ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн сайрхал маань Титийн өмнө үнэн болов. 15 Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нар луу ханддаг. 16 Түүнчлэн та нарт бүрэн найддагтаа би баяртай байдаг.
- 7:5 2Ко 2:13
- a7:13 эсвэл сүнс