6 1 Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосон бүү аваарай. 2 Учир нь Тэр*
“Тааламжтай цагт Би чамайг сонссон.
Авралын өдөр Би чамд тусалсан”
гэж айлддаг. Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр. 3 Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад болдоггүй. 4 Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор, 5 зодуур, шорон, үймээн самуун, зүдрэл зүтгэл, дутуу нойр, өлсгөлөн дунд,* 6 цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, 7 үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун, зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, 8 хүндлэл хийгээд үл хүндлэл, матаас хийгээд магтаал дор явсан юм. Бид мэхлэгчид шиг боловч үнэнч, 9 эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, 10 гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.
11 Коринтчууд аа, бид та нарт ам нээсэн. Зүрх маань ч нээгдсэн. 12 Та нарыг бид хашаагүй харин та нар дотроо хашигдсан аж. 13 Хариуд нь “Та нар ч нээлттэй бай” гэж би хүүхдүүдэд хэлдэгчлэн та нарт хэлж байна.

Амьд Бурханы сүм

14 Үл итгэгчдийн хамт нэг буулгад бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх вэ? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм? 15 Христ ба Белиарын хооронд ямар зохицол байх гэж? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа нийцэх билээ? 16 Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа*
“«Би тэдний дотор оршино,
Тэдний дунд алхана.
Би тэдний Бурхан болно.
Тэд Миний ард түмэн болно.
17 Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг.*
«Бузар юманд бүү хүр.
Би та нарыг хүлээн авч,
18 Би та нарын Эцэг болж*
Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж
Төгс хүчит Эзэн айлддаг”
гэжээ.


  • 6:2 Иса 49:8
  • 6:5 Үйл 16:23
  • 6:16 Лев 26:12; Езк 37:27; 1Ко 3:16, 6:19
  • 6:17 Иса 52:11
  • 6:18 2См 7:14; 1Шс 17:13; Иса 43:6; Иер 31:9